Тэмдэглэл-145

Бурхан гэдэг хүний төгс хувилбар юм. Тэр өгөөмөр, сайхан сэтгэлтэй, хэнийг ч ялгалгүй яг адилхан харьцдаг, түүнд бусдын хэн байх нь огтхон ч хамаагүй, уур бухимдал, цухалдалгүй, маш тайван, энэрэнгүй, шунал, хүсэл тачаалаас хол, хүлээцтэй, тэвчээртэй, бүгдийг ойлгогч, хайр, үзэн ядалтын хүлээсэнд баригддаггүй, өнгө мөнгө, эрх ашгийн сонирхолгүй гээд л бидний байхыг хүсдэг бүх мөн чанарыг өөртөө бий болгосон нэгэн. Гэхдээ Бурхан гэгч нь хүмүүсийн дунд байсан бол тэр хүн л болж хувирна. Хүмүүс бид байгаа орчиндоо өөрийн мэдэлгүй уусаж байдаг. Нэг л мэдэхэд хөөрхий минь цагтаа бурхан байсан гэсэн одоо бол биднээс ялгаагүй нэгэн дээ гэсэн үгийг сонсох байсан байх.Аа мэдэхгүй Бурхан л юм гэсэн. Тэр бид хоёрын Бурхан ч гэж дээ гэж хүмүүс ярьцгаах байсан байх даа.
Гэхдээ хүн хүнээсээ хол байхдаа л илүү хүн шиг байдаг юм шиг санагддаг. Яг өөрөөрөө. Ямар ч дүр байхгүй. Бид үргэлж байгаа орчиндоо тохируулан дүрд тоглодог. 
Би үнэхээр жингээ хасахаар бат шийдсээн. Бусдад сайхан харагдахын тулд, хэн нэгэнд таалагдахын тулд эсвэл өөрийгөө буцаад дахин гоёор мэдрэхийн тулд биш л дээ, зүгээр л ээж болохын тулд. Хэрвээ би жингээ хасахгүй жирэмсэн болохын бол дор хаяж 10-аад кг нэмэх болно. Одоо байгаа жин дээрээ ингэж нэмэх юм бол хичнээн мундаг лаг бие сайтай ч тэсэхгүй байх л даа. Ядаж би зүрх муутай нэгэн болохоор өөрөөрөө төрж чадахгүй хүндрэл тулгарч болзошгүй гэсэн. Тэгэхээр ирээдүйд ээж болохын тулд ядаж жингээ багасгах хэрэгтэй. Бас согтууруулах ундааны хэрэглээгээ ч хасахаар шийдсэн. Энэ чинь бас таргалуулдаг гэлгийг саяхан л мэдлээ. Яагаад ч юм бэ надад ээж болох хүсэл асар ихээр төрж байна. Цаанаасаа л нэг л хайр хүрээд  ээж болох итгэл төрөөд байх боллоо. 
Хүмүүс тайвшрахын тулд бясалгал энэ тэрээр их хичээллэдэг болжээ. Надад лав амар амгаланг олохын тулд нэг нам гүм газар нүдээ аниад суух шаардлагагүй л гэж үздэг. Би зүгээр л бичиж байхдаа л тайвширчихдаг. Ганцаараа юм бодож алхахдаа ч тайвширдаг, бас нэг цэг рүү хэсэг хугацаанд гөлөрч ширтэхэд их тайвширдаг шүү. Ер нь л өөрөө өөртэйгээ бусад хүмүүстэй ярихаас илүү ярьдаг. Өөрийгөө сонсох, өөртэйгээ ярих нь тайвширахын үндэс байх. Ингэж чадахгүй бол хичнээн нам гүм газар, ямар ч бясалгал байсан үр дүнгээ өгөхгүй байх.
Би амьдралдаа хоёр хүнтэй л их муудалцдаг байсан. Тэр хоёр хүн нь цагаан хоолтон, олон жил бясалгалаар хичээллэсэн хүмүүс байсан. Цаг хугацааны хувьд өөр өөр ч  яагаад ч юм бэ тэр хоёр хүнтэй л би таардаггүй байсан юм. Магадгүй өөрсдийгөө мах иддэг, нүдээ аниад цаг ч сууж чаддаггүй надаасаа илүү гэж бодож  дөвчигнөдөг байсныг нь би тэвчдэггүй байсан байх л даа. Тэр хоёр хүн яг ийм ижилхэн хандлагатай хүмүүс байсан. Үнэндээ даруу байхыг сурах байтал гайхуулж би ийм юм чинь миний зөв гэсэн хандлага нь үнэхээр буруу байсан.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157