Тэмдэглэл-140

Бид амьдралынхаа төгсгөлд, үхлийн өмнө очихдоо зөвхөн хоёр зүйлд л харамсана. Бага хайрлаж, бага аялжээ гэж. 
~Марк Твен~
Дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчидийг хараад байсан чинь нилээн хэд царайлаг залуус байна шүү.  Манай тойрогт гэхэд Хувьсгалт намаас нэр дэвшиж байгаа нэг сайхан залуу байна бас МАН-с ч  байна. Гэхдээ би Хувьсгалт намын залууд  өгнө гээд шийдчихсэн.
Уржигдар орой нэг зүүд зүүдэллээ. Би ээж болчихсон жижигхэн бандгар цагаан хүүтэй болчихсон байх юм. Хүүгээ энгэртээ тэврээд бүүвэйлсэн чинь нэгтийм сонин мэдрэмж төрсөн. Бодвол эхийн хайрын сэтгэл байх. Хүмүүс хүүг минь ямар үсгүй хүүхэд вэ гээл байх юм. Би аав ээжийгээ дуурайгаад үс муутаймаа гэж хэлэх юм. Тэгээд л хүүгээ хараад би ингээд ээж болчиж байгаа юмуу гээд бодсон чинь гэнэт маш аймар санагдаад сэрчихсэн.
Би яагаад тэгтлээ ээж болохоос гэр бүл зохиохоос айдаг юм бол гэж баахан бодов. Хариулт байсангүй.
Хорвоо дэлхий уужим хүний амьдрал том гэдгийг зарим хүмүүс ойлгохгүй юм даа. Хэн нэгэн уйлж уйхад нөгөө нь инээж байна, хэн нэгэн салж байхад нөгөө нь учирч байна, хэн нэгэн нь үхэж байхад нөгөө нь төрж байна, хэн нэгэн нь бүтэлгүйтэж байхад нөгөө нь амжилтанд хүрч байна. Дов жалганы үзлээр, өөрийнхөө амьдралаар бүхэл бүтэн том амьдралыг дүгнэчих юм. Зовж байвал энэ амьдрал тэр чигээрээ хатуу бараан, шудрага бус, хүмүүс муухай юм шиг санагдаж бусдад үглэж дуулна. Жаргаж байвал энэ дэлхий дээрх бүх зүйл болж бүтэж бүгд сайхан байгаа юм шиг санагдаж сэтгэлийн хөдөлгөөнтэй хандана. Зовж байсан ч жаргаж байсан ч янз бүрийн сэтгэл хөдлөлд автаад түүнээ ил гаргадаг хүмүүст би лав дургүй. Зовхоороо уйлж дуулаал, жаргалтай үедээ хөөрч догдолдог хүмүүс надад төвөгтэй санагддаг. Харин жаргалтай байсан ч, хэцүү байсан ч нэгэн сэтгэлээр бүх зүйлд ханддаг дээшээ доошоо болдоггүй, бүх зүйл болоод өнгөрнө гэдгийг ухаарсан тайван ханддаг хүмүүс л сайхан санагддаг.
Эргэн тойрны намайг хальт мэдэх хүмүүс их зантай гэж шүүмжилдэг. Энэ үгийг их сонсдог болсон байна. Их зан гэдэг бол өөрийгөө байгаагаасаа илүү үнэлж ихээр бодож, бусдыг багаар бодож дорд үзэж ялгаварлан гадуурхаж харьцдаг хүмүүсийг их зантай гэж хэлдэг гэж бодож байна. Харин би тийм биш. Би өөрийгөө илүүд үзэж бусдыг дорд үздэггүй. Зүгээр л миний амьдралд байгаад байх шаардлагагүй, би анхаарал хандуулаад байх хэрэггүй элдэв шалдав хүмүүстэй харьцахгүй байхыг эрхэмлэдэг болсон. Надад хэрэггүй яриаг сонсож, цагийг хамт өнгөрүүлэх хүсэлгүй болсон байна. Тэдэнд зориулах цагаа өөртөө зарцуулахыг хүсдэг болж.
 Цөөн хэдэн хүмүүстэй л чин сэтгэлээсээ харьцах илүү дээр гэдгийг ухаарсан.
Би хамт байхыг хүсч байгаа ч надтай хамт байх хүсэлгүй хүмүүсийг, надтай хамт байхыг хүсч байгаа ч би хамт байх хүсэлгүй хүмүүсийг зүгээр л аньж чаддаг болчихсон байна. Аль алинтайгаа л хамт байх хүсэлтэй тэр л харилцаа илүү чухал.


Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157