Тэмдэглэл-200




Instagramm ашиглаад эхэлсэн чинь facebook жоохон уйтгартай санагдаад байна шүү.
 Надад хийж чаддаггүй, хийж үзээгүй олон зүйлс байна.
Дугуй унаж чадахгүй, машин барьж чадахгүй, усанд сэлж чадахгүй, эцэг эхдээ хайртай гэж хэлж байгаагүй, том хэмжээний тоглолт, шоун дээр очиж байгаагүй, сайн үйлсийн аянд оролцож байгаагүй, мөнгөн хандив өгч үзээгүй/ажлын, найз нөхдийн, хамаатан садангаас бусад/, шүхрээр үсэрч үзээгүй, экстрийм бүх зүйлсийг туршиж үзээгүй, ядаж Монголоороо ч бүрэн аялж үзээгүй, дуртай хамтлаг дуучныхаа тоглолтыг ч үзээгүй, ямар нэгэн спорт тэмцээн уралдаанд оролцож байгаагүй, элдэв янзын танилцах арга  хэмжээнд  оролцож байгаагүй, ямар нэгэн клуб, сайн дурын байгууллагын гишүүн биш, мөрөөдлийн ажлаа хийгээгүй, шивээс хийлгэж байгаагүй, хосоо олоогүй гээд их байна даа. Өдий болтол хийж ирсэн зүйл нь наргисан цэнгэсэн зугаацсан хөгжилдсөн гэхдээ зөв аргаар биш. Харамсахгүй байна. Эртхэн муу зүйлийн амтыг мэдрээд гарсан нь зөв болсон юм. Харин гэр бүл зохиож үр хүүхдүүдтэй болчихоод амьдрал нь тэгшрээд ирэхийн цагт буруу зугаа цэнгэлээс болж арайхийж босгосон амьдралаа үрэн таран хийж байгаа хүмүүсийг харахаар хэцүү байдаг шүү. Одоо лав би хөнгөн зугаа цэнгэлд огтхон ч шунахгүй байна. Хангалттай зугаацсан болохоор сэтгэл ч тэмүүлэхээ байж.
" Луугийн сүүл болсноос батганы толгой болж яв" гэсэн энэ зүйр үгийг 4р ангид байхад багш минь надад хэлж билээ. Тэр үед манай сургууль математикийн гүнзгий  анги  шинээр нээгээд анги бүрийн бүх л онц сурдаг хүүхдүүдийг тэр ангид сонгож авсан боловч би тэнцэж орж чадаагүй билээ. Үлдсэн сурагч нар нь хоорондоо холигдож солигдоод 4 бүлэг болсон юм. Нэг удаагийн эцэг эхийн хурлаар багш ангийнханаас ч, надаас ч асуулгүй шууд намайг ангийн дарга болгочихсон байсан. Бөөн муу сурдаг сурагчтай ангийн дарга болно гэж бодохоор тухайн үед надад лав их ичмээр санагдаж багшдаа болмооргүй байна гэдгээ хэлэхэд дээрх үгийг хэлж билээ. Яаж ч   бодсон луугийн сүүл байх нь батганы толгой байхаас л дээр юм шиг санагдаж байсан боловч яваандаа батганы толгой нь илүү юм гэдийг ухаарсан. Толгой л бол толгой. Лууны ч толгой бай, барын ч толгой бай, батганы ч толгой бай хамаагүй  бүгд адилхан хүндлэгдэж адилхан үнэлэгддэг гэдгийг ойлгосон юм.  Ижил түвшний ур чадвартай хүмүүсээс бүр гоц гойд биш бол ялгарч цойлж гарна гэдэг хэцүү. Харин сул чадвартай хүмүүсээс жоохон илүү байхад л ялгарч цойлж гарч ирэх нь амархан. Манай ангид байсан бүх мундаг сурагч нар явчихаар миний чадвар мэдлэг илүү гарч ирж дундаж сурагчийн тоонд ордог байсан би шууд ангийн онц сурлагатан болсон юм. Надад илүү давуу байдлууд үүсч эхэлсэн. Сургуулийн шинэ жилээр нэг ангиас нэг л хүүхдэд өгдөг бэлэг миний гар дээр ирдэг болсон юм. Нөгөө мундаг ангийн мундаг даргатай би чинь адилхан үнэлэгдэж эхэлсэн юм даа. Гэхдээ бурхангүй газрыг бумба галзуурна гэгч болчихвий гэсэндээ хичээлдээ ч мэрийсний улмаас 8 төгсөхдөө 100 гаруй хүүхдээс 6д бичигдэж байлаа. Угаасаа миний өмнө байсан 4 эрэгтэй, 1 эмэгтэй сурагчийг би гүйцэхгүй байсан л даа. Тэд нар багш самбар дээр бодлогоо бичиж дуусаад шохойгоо тавиад сандал дээрээ суухад уралдаад хариуг нь хэлдэг хүүхдүүд байсан юм. Гэхдээ одоо бол муу сурдаг байсан, онц сурдаг байсан ялгаагүй бидний амьдралын түвшинд нээх айхтар зөрүү алга л байна.
Эрэгтэй хүн ухаантай байлаа гээд сэтгэлийн тэнхээ муутай бол хэцүү л юм билээ. Дорхноо л эвдэрчих юм. Миний мэдэх үнэхээр хайран хоёр толгой шал хэрэггүй мань мэт шиг л болсон доо. Хоёулаа л эмэгтэй хүнээс болж их сургуулиа орхиж, найз нөхдөөсөө холдоод эцэст нь хаягдаад сэтгэлээ засч байна гэж уусаар байгаад архины хамааралтай болоод одоо над шиг ганц бие, хөлсний байранд амьдраад л, алдаг оног ажил хийсэн болоод л өдөр хоногийг өнгөрөөцгөөж байна даа. Би лав харамсаад байдаг юм. Ямар аймар бодож сэтгэдэг байлаа даа. Ухаантай хүмүүсийн толгойг ашиглахын тулд сэтгэлийг нь гамнаж байхгүй болохгүй юм даа. Хичнээн ч олон сайхан ухаантай залуус сэтгэлийн тэнхээ, хатгүйгээс болж амьдралд бууж өгсөн бол гэж бодохоор харамсмаар шүү.
Аав, ээж хоёулаа эхийн талын хамаатан садангаараа явдаг. Хоёулангийнх нь төрсөн эцэг буюу миний өвөө нар тодорхойгүй. Миний өвөө гэж нэрлэдэг хүмүүс бол аавын хойд аав, ээжийг өргөж авсан эмээгийн дүү. Даанч өвөө эмээ нар минь бүгд багад минь өөд болсон болохоор бүдэг бадаг дурсамж л бий. Харин ээжийг өргөж авсан өвөө минь л сайхан урт наслаж эрүүл саруул байна даа. Гэхдээ өвөө минь хатуу хүн байсан болохоор бид гурав өвөө эмээдээ эрхэлж өсөхийн жаргал мэдэхгүй. Манай гэрийхнээс аав бид хоёроос бусад нь ээжийн талын Московтон овгоор явдаг. Аав бид хоёр Боржигон гэж явдаг юм. Нэг гэр бүл байж өөр өөр ургийн овогтой гээд хамаатнууд шоолоод л байдаг юм.
Ээжийн талынхан маань Оросоос Монголд орж ирсэн буриадууд байсан юм. Хөвсгөлд суурьшиж байгаад хэлмэгдүүлэлтийн үеэр бүгд Орос руу буцсан юм. Ганцхан манай  элэнц эмээ өвөө хоёр л үлдээд сүүлд элэнц өвөө минь хэлмэгдүүлтэнд өртсөн гэдэг. Одоо манай хамаатангууд Эрхүүд 200 гаруй өрх айл байна гэсэн. Даанч манайханаас мэдэж байгаа ганц хүн  нь манай өвөө. Бусад нь алдаг оног л ганц хоёрыг нь танина. Дээр нь бүгд буриадаар ярьж чадахгүй. Буриад хэл, ёс заншил мэдэхгүй байж өөрийгөө буриадын удам гэх нь надад лав ичмээр санагддаг. Монгол хүний удам угсаа ч гэсэн Монгол хэл, ёс заншилаа мэдэхгүй хүн байвал түүнийг Монгол хүн гэж хэлэхэд хэцүү юм даа. Аав ээж нь өөрсдөө бага залуудаа Монголоосоо яваад гадаад улсад суурьшаад тэндээ үр хүүхэддээ болсон боловч Монгол хүний удам гэхээс өөр юу ч байхгүй хүүхдүүд бас чамгүй их байна шүү дээ. Монгол хүн гэх үү, үгүй юу гэдэг чинь бас л хэцүү асуудал юм даа.
Харин аавын талынх Говь-Алтайн хүмүүс. Гэвч аав маань урд зүгийн эрлийз. Аавын аав ямар хүн басйныг мэдэхгүй ч аав маань  их царайлаг өндөр нуруулаг байсан болохоор муугаар бодох хүнтэй таарч байсангүй. Намайг ч гэсэн мэр сэр хүмүүс төстэй л гээд байдаг юм. Би бас өндөр биерхүү болохоор шууд намайг арай ч бас муугаар хэлэхгүй байгаа юм. Оюутан байхдаа Хөххотод явж байхад нэг Хятад настай ах ирснээ чи хаанах вэ гэхээр нь Монголоо гэсэн чинь чи манай нутгийн хүүхэд байнаа гэж хэлж уурыг минь хүргэж билээ.
Харин хоёр дүү минь ээжийн  өндөр хамар, бүлтгэр нүд, аавын өтгөн хөмсгийг дуурайсан болохоор над шиг хардлага сэрдлэгэнд өртөхгүй. Харин ч европжуу төрхтэй гэж магтуулна. Гэхдээ би өөрийн дүр төрхөөсөө ичиж байгаагүй ээ. Энэ дүр төрх минь бас олон хүний л хайрыг татсан шүү дээ.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157