Тэмдэглэл-199
Хайр дурлалын тал дээр үнэн азгүй төрсөн хүн юм. Өдий болтол бүтээгүй ч гэсэн сайхан мартагдашгүй дурсамж үлдээсэн, чин сэтгэлээ зориулсан, харамсах зүйлгүй, жинхэнээсээ хайрласан хамтдаа хийсэн зүйл ихтэй хайр дурлалын харилцаа нэг ч байгаагүй юм байна. Бодсон чинь харамсмаар санагдаж байна. Яагаад тэгтлээ хайрлахаас айсан юм болдоо. Хайрлах, шаналах гэдэг тийм ч аймар биш юм гэдгийг одоо л ойлгож байна. Харин ч тийм зүйл байхгүй байх нь илүү гунигтай юм. Зүрх сэтгэлээ хамгаалж байна гээд харин ч өөр өөрийгөө эвдээд байсан байна. Гэхдээ би шийтгүүлж байгаа бололтой. Урьд насандаа ямар нүгэл хийсэн болоод шийтгүүлж байгаа юм болдоо. Миний түрүүлж сайн болсон таалагдсан хүмүүс хэзээ ч надад дурлаж байгаагүй юм байна. Тэдний хүсдэг эмэгтэй би байгаагүй. Харин би хэзээ ч хайрлаж чадахгүй , хамт удаан байж чадахгүй, миний сонирхол огтхон ч биш хүмүүс надад сэтгэл алдрах юм. Хичнээн муухай хандсан ч тоохгүй араас гүйх нь хүртэл хэцүү санагдуулдаг хүмүүс яагаад надад сайн болоод байдгыг гайхах юм. Аргагүй эрхэнд сэтгэлийг нь хүндлээд болзох ч гэлээ тун удалгүй уйдаж залхана. Өөрөөсөө эвтэйхэн гомдоохгүй холдуулахыг хичээнэ.
Хар багаасаа л ном уншиж эхэлсэн надад одоо унших ном олдохгүй байна. Хэр баргийн ном сонирхол татахгүй юм. Сонгодог гэх бүхий л номыг багадаа уншиж дуусгажээ. Оюутан болоод мэргэжлийн номоосоо гадна философийн номууд их уншсан юм байна. Ажил дээр гараад хувь хүний хөгжлийн номуудыг түлхүү уншсан. Зөндөө л их уншиж, зөндөө л зүйл мэдэрч ойлгосон мөртөө одоо яагаад ийм ядаргаатай нэгэн болчихвоо. Нэг давуу тал нь хүмүүсийг сайн ойлгодог болдог юм шиг байна. Ганцхан өөрийгөө бодоод байлгүй өөрөөсөө илүү бусдыг боддог болчихдог юм юм шиг байна. Гэхдээ үүнийг сайн зүйл үү гэдгийг хэлж мэдэхгүй л байна. Яг одоо надад бусдыг биш өөрийгөө боддог нэгэн байвал илүү сайн юм шиг санагдаж байна. Бусдын хүсэл, сэтгэлийг хүндэтгэж өөрийгөө хойш нь тавиад олж авсан зүйл лав алга л байна. Тус болсон зүйл нь магадгүй над шиг туйлбаргүй, амархан уйддаг хүн ном уншсаны хүчээр тэгтлээ уйтгарлалгүй амьдарч ирсэн байх.
Зүгээр л цэцэгсээр дүүрэн талд надаас өөр хэн ч, юу ч байхгүй газар тэнгэр ширтээд л хэвтээд баймаар санагдах юм. Бүлээхэн зөөлөн салхи сэвэлзээд л... Салхины аясаар цэцэгсийн үнэр хамар цоргилд л ганц хоёрхон цагаан үүлээс өөр юу ч үгүй цэлмэг тэнгэрийг ширтээд л хэдэн зуун мянган жилээр хэвтмээр санагдах юм.
Заримдаа хайртай хүмүүс хол байх нь их зүгээр юм байна. Тусдаа гарснаас хойш гэртээ очих минь аажмаар холдож байна. Энэ хэрээр ээж аав хоёрыгоо илүү санаж бас хайрлаж байна. Урьд нь ингэнэ гэж төсөөлж байсангүй. Хол байхаар муудалцах ч үгүй амар юм. Муудалцахгүй болохоор нэг нэгнээ гомдоохгүй юм. Улам илүү хайртай гэдгээ мэддэг ойлгодог болдог юм байна. Үргэлж хамт байсаар байгаад чухал зүйл нь мартагдчихдаг бололтой. Санахын жаргал гэдгийг илүү их ойлгож байна. Энэ мэдрэмжийг хааяа бас мэдрэх ёстой юм байна. Хосууд ч гэсэн хамт байгаад нэг л болохгүй байвал хэсэгхэн хугацаанд хол байж хоёр биеныхээ тухай бодвол эргээд харилцаа нь ч сайжирч болох л юм. Мэдээж хол дэндүү удаан уулзалдахгүй байвал юун санахын жаргал бүр зовлон болох л байх даа.
Бүх зүйлээс залхах, юу ч хиймээргүй зүгээр л гэртээ хэвтэж байхыг хүсэх мэдрэмж намайг бүрэн дүүрэн эзлээд мөд холдохгүй бололтой. Хавар болоод нөлөөлөөд байна уу.
Comments
Post a Comment