Тэмдэглэл-197



Блогтоо юм бичилгүй 1 сар болжээ. Уул нь дээр согтуудаа шал утгагүй юм бичээд постолсон байсныгаа өглөө нь хараад шууд устгасан. Юу бодож тийм тэнэг юм бичдэг байнаа. Зүгээр л гэмшсэн сэтгэлээ цайруулах гэсэн л байх л даа. Тэр өдөр гэр бүлтэй найзтайгаа үнсэлцсэнээс болоод л.. Гэхдээ цааш нь юу ч болголгүй өөрийгөө татаж авсан л даа. Ер нь сүүлийн үед согтохоороо эрэгтэйчүүдийг өдөөд сээтэгнээд байдаг болчихсон байх чинь. Гэхдээ тэр надад  хамгийн анх гэрлэх санал тавьсан хүн. Даанч дөнгөж их сургуулиа төгсөж байсан би юун хүний эхнэр болох. Эрх чөлөө мандтугай л байлаа. Бас сэтгэл зүрхэнд минь 2 хүн хоногшчихоод байсан үе болохоор бусдын сэтгэлийг юун хүлээх авах. Одоо ч гэсэн намайг харах болгондоо урьдынх шигээ сэтгэл нь догдолдог гэж хэлснээс болоод л  тэнэг зүйл хийчихсэн байх. Өглөө нь эрүүл болоод  бодсон чинь fuck fuck гээд чангаар орилмоор байсан шүү. Түүний уярам үгнээс илүү түүнтэй үнсэлцсэндээ харамссан сэтгэл арилахгүй байгаа нь надад үнэхээр түүнийг гэсэн сэтгэл огтхон ч байдаггүйнх л байх. Эсвэл гэр бүлтэй хүний амнаас сонссон үгэндээ итгэхийг хүсээгүй байх л даа. Надаас илүү эхнэрээ харж догдолдог байгаасай гэж хүсч байна. Зүгээр л хэрвээ миний нөхөр надаас өөр эмэгтэйд тэгж хэлж байна гээд төсөөлсөн чинь үнэхээр галзуурмаар байсан шүү. Би лав тийм зүйлийг хүлээн зөвшөөрч чадахгүй.
20той үедээ яасан ч ойлгохгүй юм байна, яасан ч тэвчиж чадахгүй, уйтгартай гэж бодож байсан зүйлс  30тай үед харин ч илүү ойлгогдож, тэвчиж,  уйтгартай биш байдаг юм байна гэдгийг, нэг л мэдэхэд бүх зүйлс болж өнгөрч байгааг ухаарч байна. Бүх зүйл санаснаар болдоггүй гэдгийг энэ насан дээр ирэхэд маш сайн ойлгосон байдаг юм байна.
Мартын 8ны бэлэг болгож өөртөө гоё сүрчиг авнаа. Ямар сүрчиг авахаа сонгосон ч жаахан үнэтэй л юм байна. 50 мл мөртөө 300,000 төг гэж байна. Гэхдээ үнэр нь үнэхээр надад таалагдсан. Яаж ийж байгаад авна даа. Авахгүй бол санаа амрахгүй бололтой. Ганц сүрчиг өөртөө зориулаад авчихаж чадахгүй юм бол гээд бодсон чинь сэтгэлээр жаахан унах гээд байгаа болохоор авч өөрийгөө тайвшруулахаас. Өөртөө  зориулж бэлэг авахгүй бол өөр өгөх хүнгүй болохоор яалтай билээ. Гэхдээ энэ нь нээх намайг сэтгэлээр унагахгүй байна л даа. Гол нь би өөрөө өөрийнхөө хүсч байгааг бусдаас хараад байлгүй авчихаж чадах хэмжээний хүн хараахан болоогүй байгаа нь бага зэрэг бухимдуулах гээд байна шүү.
Ойрд сэтгэл санаа сайхан тайван байсан болохоор нээх блог дээрээ юм бичье гэж бодсонгүй.
"Хүн хэдий ухаалаг эсвэл азтай байгаад огт асуудалгүй амьдарна гэж үгүй. Гэхдээ саруул ухаан, сэтгэлийн тэнхээтэй байгаа цагт  ямар ч асуудлыг шийдэж чадна." гэж Викром Кромадитын "Мөрөөдөлд хүргэсэн зам минь" номноос энэ үг нь их таалагдсан.
Миний блогийн хамгийн их уншигдсан бичлэг нь "Амиа хорлолт" нэртэй бичлэг минь байх юм. Амиа хорлох тухай нэг ч удаа бодож үзээгүй хүн байхгүй л байх. Гэвч үүнийгээ үйлдэл болгодог нь цөөн байх. Ер нь үйлдэл болгоод ч дэмий. Дэндүү хувиа хичээсэн шийдвэр. Бас бүх зүйл амиа хорлосноор сайхан болдоггүй. Тэр үед амиа хорлож чадаагүй дээ би одоо ч баярладаг. Бэрхшээлээс зугатах хамгийн амар арга үхэл юм шиг санагдаж болох ч цаашаа миний амьдрал хэрхэн өрнөх юу тохиолдох вэ гэдгийг мэдэхгүй байх нь илүү хэцүү санагдсан. Тиймээс бэрхшээлээ яаж ийж байгаад л даван гарч амьдрах хэрэгтэй. Энэ дэлхийн 7 тэрбум хүмүүс дунд бэрхшээлгүй, үргэлжийн аз жаргалтай амьдарч байгаа хүн нэгээхэн ч үгүй. Бүгд л өөрийн өөрийн гэсэн жаргал, зовлонг үүрч байгаа гэдгийг ойлгосон болохоор.
Хар багаасаа мөрөөдөж ирсэн мөрөөдлөө биелүүлж чадаагүй нь өөр мөрөөдөлтэй болоход саад болоод байх шиг. Дахиад биелүүлж чадахгүй бол гэсэн айдас намайг юу ч мөрөөдөж чадахгүй болгосон юм шиг. Цаашдаа ямар хүн, хэн болмоор байгаа минь тодорхойгүй байгаа нь жаахан дарамттай л байна. Одоо хүртэл тэрийгээ олоогүй шийдээгүй байгаа нь ичмээр ч юм шиг.
Ямар ч байсан дахиж хэзээ ч өөрийнхөө өмнөөс бусдаар шийдвэр гаргуулахгүй, бусдын шийдвэр сонголтыг хүлээн авахгүй үргэлж өөрөө л шийдэж байна. Алдаж оносон ч хамаагүй бусдын бэлдэж өгсөн дардан замаар явснаас өөрийнхөө олсон чулуутай замаар явах болно гэдгээ л ухаарсан. Мэдээж бусдын зөвлөгөө, туршлагыг сонсож болох ч шийдвэрээ би өөрөө л гаргах болно. Ганц удаа өөрийнхөө биш бусдын шийдвэрийг дагасны төлөө 10 жил зовж шаналж явлаа.
12р сараас хойш  бүжгээрээ хичээллэж чадсангүй. Дахиад л жин нэмэх гээд байна шүү. Яагаад би бусад эмэгтэйчүүд шиг өөрийн гоо үзэсгэлэндээ анхаарч чаддаггүй юм болоо. Яагаад үргэлж хөөрхөн сайхан байхыг хүсдэггүй юм болоо. Багаасаа эр эмгүй хүнээс хөөрхөн шүү гэдэг үг сонсч ирсэн нь намайг их эвдсэн бололтой. Хаа ч явсан дандаа л хөөрхөн охидын тоонд ордог байсан минь өөрийгөө үргэлж л хөөрхөн байна гэж бодоход хүргэсэн юм шиг байна. Гэтэл одоо бол тийм биш шүү дээ. Өөрийгөө хөөрхөн гэж хэлвэл хүмүүс инээдээ барьж чадахгүй биз. Бараг царай муутай гэж хэлүүлчихээд огтхон ч эмзэглэхгүй , өөрт нь чинь сайхан харагдах хүсэл алга гэсэн хариу хэлэхээр л болчихож.  Сайхан харагдах хүслийг өөртөө яаж бий болгох вэ. Олон янзаар оролдсон ч нэг л бүтэлтэй болохгүй юм. Магадгүй сэтгэл зүрхийг минь догдлуулж ямар ч хамаагүй аргаар зүрх сэтгэлийг нь эзэмдэж өөрийн болгомоор тийм л хүнтэй танилцвал би өөрийгөө өөрчилж чадах юм шиг байна. Хайрын сэтгэл гэдэг угаасаа хамгийн том хөшүүрэг шүү дээ. Хүүхэд байхдаа яагаад ч юм бэ том болоод итали хүнтэй суунаа гэж ярьдаг байсан. Магадгүй итали хэл сурч итали явах ёстой юм болов уу.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157