Тэмдэглэл-111

Би хэдэн жилийн өмнө нэг ном уншсан юм. Миний санаж байгаагаар "Хурлийз бүсгүй" гэсэн ном байлуу. Үгүй ч билүү. Ямар ч л байсан нэг үзэсгэлэнтэй бүсгүйн золгүй амьдралын тухай. Тэр номыг уншсаны дараа эрчүүдэд хэзээ ч өөрийнхөө амьдралыг алдахаар их итгэж, хайрлаж болохгүйг л мэдэрсэн юмдаг. Эмэгтэй хүний гаднах гоо үзэсгэлэнг нь биш доторхийг нь харж чаддаг түүнийг нь хайрлаж чаддаг тийм лаг эрчүүд их цөөхөн юм шиг санагддаг.
Манай ажлын үйлчлэгч эгч надаас 5,6-аар эгч байх. Намхан мөртөө маш тарган бөөрөнхий эгч байдаг юм. Хэтэрхий тарганаасаа болоод жаахан бие муутай. Цэвэрлэгээгээ их сайн хийдэг ч маш удаан хүн л дээ. Их сайхан сэтгэлтэй эгч болохоор манай ажлынхан бүгд л сайн байдаг. Манай  үйлчлэгч эгчийг нөхрийг хүмүүс их яринаа. Тийм сайхан залуутай яаж суусан бэ гээд ажлын бүсгүйчүүд цаашлуулж өгнө. Ярианы сэдэв болсон нөхрийг нь би уржигдар орой харсан юм. Үнэндээ гүн шоконд орсон шүү. Энэ нөхөр нь мөн гэж үү гээд л итгэхэд их хэцүү байсан. Би хувьдаа үйлчлэгч эгчийнхээ нөхрийг их хүндэлсээн. Бага зэргийн итгэл найдвар ч төрөх шиг. Магадгүй зарим хүмүүс эхнэрээ үйлчлэгч хийлгэж байгаа нөхрийг юунд нь их юманд боддийн гэж бодож магадгүй л юм. Гэхдээ л  эд хөрөнгөөр элбэг биш ч гэсэн хайраараа хангалуун амьдруулж байвал болоо шүү дээ. Эхнэрээ хөтлөөд гараад явахыг нь харах их сайхан санагдсан. Амьдрал тэр эгчид минь эмэгтэй хүний гоо үзэсгэлэн өгсөнгүй, өндөр боловсрол өгсөнгүй, сайхан эрүүл бие ч өгсөнгүй, хангалуун тансаг амьдрал ч өгсөнгүй. Гэхдээ оронд нь дундуурыг нь дүүргэж, дутууг нь гүйцээх амьдралынхаа турш дэргэд нь байх сайн нөхрийг өгсөн юм шиг. Хэний ч олж хараагүй тэр эгчийн гоо үзэсгэлэнг нөхөр нь олж хараад хайрласан байх.  Эргэн тойронд иймэрхүү эрчүүд мэр сэр байдаг болохоор бүсгүйчүүд итгэл найдвар өвөртлөн явдаг юм шиг.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157