Тэмдэглэл-101

Санамсаргүй тохиолдлоор энэ амралтын өдрүүдэд нэг сайхан уулзалтанд очлоо. Хамаатны эгч маань уг уулзалтыг зохион байгуулж би харин тусласан юм. Өөрийнхөө бизнесийг альхэдийн эхлүүлээд зорилгынхоо төлөө явж байгаа нэг хүсэл эрмэлзэлтэй хийж бүтээх урам зоригоор дүүрэн залуучуудад хоорондоо уулзаж танилцах мэдээлэл солилцох зорилготой  уулзалт 2 өдөр боллоо. Нийт 40-иөд залуучууд ирснээс дийлэнх нь залуус байсанд үнэндээ их баярласан шүү. Хэрэв эмэгтэй нь давамгайлсан байсан бол миний хувьд  эрчүүддээ урам хугарах байсан байх. Бас 90-иад оны залуус их байсан нь бахархаж, сэтгэл татаж байлаа. Бизнес хийж захирал гэсэн нэр зүүсэн хүмүүс байгаа ч биеэ тоож их зан гаргаж байгаа хүн байсангүй. Бүгд л маш сайхан инээмсэглэсэн эелдэг боловсон, найрсаг  харьцаатай байлаа. Хижээл насны хүмүүс цөөхөн байсан ч залуучууддаа өөрсдийнхөө туршлагаас хуваалцаж зарим зүйл дээр  зөвлөж  их таатай уур амьсгал бүрдсэн орчинд 2 өдрийг өнгөрөөсөн нь хамгийн үр дүнтэй амралтын өдрүүд байлаа. Өөрөөс маань дүү хүмүүс өндөр боловсрол мэдлэгтэй, зорилготой байгаад атаархсан шүү. Урьж авчирсан зөвлөх орос болон англи багш нартай орчуулагчийн шаардлагагүй чөлөөтэй харьцаж байгааг нь харахад үнэхээр бахархам байсан. Ийм орчинд байгаагүй удсан надад энэ бүхэн их сайхан санагдлаа. Айлын хүүхдүүд ийм айхтар байхад өөрийгөө нэг хараач гэсэн сэтгэл дундуур байдал бас мэдрэгдсэн дээ. Надад чин сэтгэлээсээ хүссэн өдрийн бодол, шөнийн зүүд болсон зорилго одоогоор байхгүй байгаа ч боломж бололцоо нь тохиовол хийчих юмсан гэсэн толгойд байнга эргэлдэж байдаг хүслүүд бий. Хүүхдүүд бол хүн төрөлхтөний ирээдүй. Тийм ч учраас хүүхдэд зориулсан юм хийх юмсан гэж бодож явдаг.  Монголдоо нэг сайхан тоглоомын үйлдвэр байгуулах юмсан гэж боддог. Үндэсний онцлогоо шингээсэн орчин үеийн шинэлэг сонирхолтой хүүхдийн эрүүл мэндэд хоргүй боломжийн үнэтэй төрөл бүрийн тоглоомууд үйлдвэрлэж тоглоомууд маань хүмүүсийн хүүхэд насны  дурсамжын нэгхэсэг нь болон үлдээсэй гэж хүсдэг. Бас үйлдвэртээ түшиглэн маш том хүүхдийн тоглоомын их  дэлгүүртэй болно. Яг л толгой дотор минь дүр зураглалаа олсон үлгэрийн ертөнц шиг дэлгүүр.
Багаасаа хөдөө өссөн болохоор байгальд хайртай. Тиймээс байгальд ээлтэй зүйл  хийхийг хүсдэг. Бас бүх жимснүүдээс алиманд илүү дуртай. Даанч Монголдоо тарьсан алим зарагдахгүй байна. Хятадаас л бүх жимс жимсгэнэ орж ирдэг нь хэцүү санагддаг. Үнэндээ би алиманд дуртай боловч идээгүй маш их удаж байна. Надад хятадаас орж ирсэн жимс идэж байхаар колагаа уусан нь илүү ашигтай санагддаг. Тиймээс усан үзмийн талбай гэдэг шиг алимны том талбайтай болмоор байна. Бас чавга, тошлой таримаар байна. Хүнсний ногоонуудаас хулуу, чинжүү хоёрыг  ихээр тариалж тэднийг хадгалж чадах зоорьтой болмоор байна. Хулууны варень, компот ямар гоё амттай гээч. Сэлэнгэд байхдаа намрын улиралд хулууны компот, варенийг их иддэг байж дээ. Сэлэнгэд байхад ер нь л гоё байжээ. Дан органик ногоонууд хэрэглэнэ. Хулуу, алим хоёроо Монголынхоо даршилсан ногоо үйлдвэрлэдэг компаниудад хямд үнээр нийлүүлж тэд маань гоё гоё варень, компот, нухаш зэргийг үйлдвэрлэж иргэддээ нийлүүлдэг бол хичнээн сайхан.
Би ногоон орчинд амьдарахыг хүссэндээ энэ байшингаа авсан. Өөрийнхөө газарт төрөл бүрийн жимсний мод  бас сарнай, мандарваа, сараана гээд өөрийн дуртай цэцэгсээ тарьж дунд нь суухыг хүссэн.
Маш том шилэн байгууламжтай болохыг бас хүсдэг. Дотор нь дэлхийн өнцөг булан бүрт ургадаг мод, ургамал, цэцэгсийг ургуулж янз бүрийн шувуу, эрвээхийг үржүүлж сайхан тохижуулж өвөл ч зун ч ногооноороо байж хүмүүсийн гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, хосоороо очиж цагийг тухтай дурсамжтай өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг хүсдэг.
Бас өдөр тутмын бэлэн хувцас үйлдвэрлэдэг үйлдвэртэй болмоор байна. Чанартай, загварлаг, биед эвтэйхэн төрөл бүрийн бэлэн хувцас үйлдвэрлэдэг Монголдоо төдийгүй дэлхийд танигдсан брэнд хувцасны үйлдвэртэй болмоор байна.
Бас жижигхээн хөөрхөн фермтэй болмоор байна. Энэ мэтчилэн зөвхөн толгой дотор эргэлдэж байгаа хүсэл гэх үү, бодол гэх үү, шунал гэхүү хийчихмээр байгаа зүйлүүд байвч үүний төлөө би өөрийгөө дайчилж чадахгүй л байна. Яг одоогийн би зүгээр л амьдарахын төлөө тэмцэж байна. Өлсөхгүйн тулд, даарахгүйн тулд. Тийм болохоор толгой доторх энэ бодлуудаа тордож ургуулж өөртөө шингээж итгүүлж  чадахгүй байна. Магадгүй энэ бодож байгаа эдгээр зүйлсийг өөр хүмүүс ч гэсэн хүсч байгаа байх. Би биш өөр хүмүүс эдгээр зүйлсийг хийвэл би лав хувьдаа баярланаа. Аягүй бол би шал өөр зүйл хиймээр санагдах ч юм билүү.
Энэ уулзалтаас би нэг зүйлийг ажигласан юм. Ааж ээжийн хүмүүжил хүүхдийн ирээдүйд маш чухал гэдгийг. Хүүхдээ байнга дэмжиж, урам хайрлаж, хүүхдийнхээ сонголт шийдвэрийг хүндэлж зөвлөж чаддаг  урагш нь түлхдэг  аав ээжүүдийн хүүхдүүд өөртөө их итгэлтэй юу хүч байгаагаа сайн мэддэг юм байна. Аав ээж нь тийм биш байлаа ч хамаатны садан төрлүүд дотор нь тэгж чаддаг ах эгч нар байхад хүүхдүүд арай л өөр болж өсч торнидог юм байна. Гэтэл би яасан. Аавд уурласан ээж үргэлж уураа хүүхдүүдээ гаргаж хийсэн болгоныг нь өөлж сайн хийлээ гэхэд магтаж сайшаахгүй ингэх л ёстой гэсэн шиг хандах хандлага намайг өөртөө итгэлгүй нэгэн болгосон. Гэхдээ ном уншдаг байсаны хүчээр буруу замаар яваагүй. Жоохон гүн ухааны, гүнзгий утгатай, энгийн амьдралын аз жаргалыг магтан дуулсан номнууд их уншдаг байсан болохоор ямар ч хор шаргүй, шуналгүй нэгэн болчихсон юм шиг байна. Хор шартай нэгэн байсан бол дээр бичсэн зүйлсийнхээ аль нэгнийг нь биелүүлэхийн төлөө явж байхгүй юу.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157