Тэмлэглэл-211






  
11-р сард ямар ч их зүйл болов доо. Сургуулийн 40 жилийн ой гээд 15 жилийн дараа сургууль дээрээ очиж багш нартайгаа, нөгөө ангийхантайгаа уулзалдлаа. Багш нар маань бараг намайг таниагүй. Хүн бас ингэж өөрчлөгдөнө гэж байхаа гээд л толгой сэгсрээд байсан. Уул нь очихгүй гэж бодож байсан ч ангийнхнаас очих хүн байхгүй болохоор багшдаа авсан бэлэгээ ядаж өгөх хэрэгтэй учраас аргагүй эрхэнд л очсон юм. Сургууль маань сурч байх хугацаанд том л юм шиг санагддаг байсан чинь сая очсон чинь жижигхэн байна лээ. Ангиа харсан чинь сайхан байсан шүү. Манай ангиас хотоос 3 хүүхэд л очсон. Бид хэдийг ирнэ гэж мэдээгүй байсан багш маань бөөн баяр. Өгсөн бэлгийг маань ангийхан маань өгсөн гээд гайхуулаад байгаа сурагтай байсан. Манай ангийнхан бол багшийн анхны 8 төгсгөсөн анги. 4р ангиас 8-р анги хүртэл анги даасан багш маань байсан. Ганган дэгжин, цоглог, биеэ сайхан авч явдаг, биднийг буруу зүйл хийвэл хатуу шийтгэдэг, сургуулийн урлаг, спортын арга хэмжээнд өөрөө бэлдүүлж оруулдаг мундаг багш байсан. Монгол хэл, уран зохиолын багш байсан болохоороо манай ангийнхнийг үгээр их зодно. Одоо ч гэсэн урьдынх шигээ жавхаалаг, оворгүй бараг л хэвээрээ байна лээ. Сургууль дээрээ очсон чинь сэтгэл догдолж баяр хөөртэй байлаа бас хэдэн таньдаг хүмүүс, нөгөө ангийхантайгаа уулзах ч гоё байсан. Мэдээж тэгээд л баяраа тэмдэглэнэ гээд уугаад тасарчихаж. Согтуудаа хүмүүсийн маргааныг зохицуулах гэдэг зангаа л больчих хэрэгтэй байна. Үүнээсээ болж онигоонд орж дуусахгүй юм даа. Өөр хүмүүс муудалцаж байхыг харчаад зохицуулах гэж дунд нь бөөн юм болсон байгаа юм даа. Сүүлдээ бүр тэнд байсан эрчүүдийг бүгдийг нь одоо ингээд эвлэрчих тэх үү гээд л хацар дээр нь үнсээд явсан байгаа юм даа. Цуг явсан 2 маань намайг эрүүл гэж бодоод тоохгүй бүр гайхаад хараад байсан байгаа юм даа. Юу гэж л эрүүл хүн танихгүй хүмүүсийн хацар дээр үнсээд л яваад байв гэж. Согтлоо гээд хэл ам, нүдэнд ямар ч өөрчлөлт байдаггүй, бүр гуйвдаг ч үгүй болохоор хүмүүс намайг согтчихсон гэж боддоггүй юм шиг байгаа юм. Өглөө нь тэгээд л бүдэг бадаг санаад ичиж үхэх шахсан шүү. Тэр дунд нь нөгөө ангийн нэг бандийн дүү байсан гэж бодохоор л газар дор ормоор байсан шүү. Гэхдээ юу ч бололгүй салцгаасан гэхээр миний үнсэлт их ач тусаа өгсөн юм шиг байна. Бодвол бүгд танихгүй согтуу эмэгтэйд гэнэт үнсүүлсэндээ шоконд орцгоосон байх л даа.
Эхний удаа унасан шалгалтаа дахиж өгөөд бас л тэнцсэнгүй. Хавар л болохоос. Бас сүүлийн үед ажил дээр үнэхээр завгүй байсан болохоор бэлдэж ч чадсангүй. Гэртээ бэлдэе гэхээр замын түгжрэлд ядраад харихаараа шууд унтаад л таарах юм. Өглөө эрт босно ч гэж худлаа юм.
11.24-ноос 12.01 хүртэл ажлын хамт олноороо 13 хүн Тэнгэр Тревэл-ийн Бээжин аялалаар сайхан аялаж байгаад ирлээ. Нийт 30 хүн нэг аялалын групп болж явснаас манайханаас бусад нь эмч нар байлаа. 11 эмч нь аймаг, хотын бөөрний аппарат дээр ажилладаг эмч нар, 6 нь Дорнодын Монос эмийн сангийн эм зүйч нар байлаа. Манайхан гэж бөөн харчуул баахан эмч хүүхнүүд холилдоод замын турш хөгжилтэй сайхан л явлаа. Их зүйл л үзэж харлаа. Урд хөршиийнхөө хөгжил дэвшил, ард иргэдийнх нь баяжиж байгааг гайхсаар л ирэх шив. Бээжингээс ч гоё хотууд өшөө олон байгаа гэж бодохоор л Улаанбаатар хотоо өрөвдөж байлаа. Гэхдээ Бээжингийн хоол хүнс үнэхээр амт муутай санагдлаа. Урд нь зайрмаг нь их л гоё амттай байдаг байсан чинь одоо идсэн чинь нэг л амт муутай байсан. Чихэр, жимс,шоколад ундаа, тараг, Mcdonalds хүртэл гоё байсангүй. Эсвэл би гоё зүйлсийг нь олж идэж чадаагүй байх. Тэр олон түмэн янзын сонголтооос сонгосон зүйлс минь онцгүй байсан ч байж болно. Өглөөнөөс орой болтол аялалын хөтөлбөр дөх үзвэрээ үзэж үдээс хойш дэлгүүр зах хэсч буудалдаа очиж сайхан амрах энэ үйл явц урт удаан үргэлжлээсэй гэж хүсч байсан. Болдог бол ингээд л аялаад баймаар санагдсан. Гэр бүлтэйгээ, хайртай хүнтэйгээ аялавал илүү сайхан юм байна гэдгийг ойлгосон. Ганцаараа аялах  зүгээр ч гэсэн энэ бүгдийг гэрийнхэндээ харуулах юмсан гэсэн хүсэл их төрөх юм байна лээ. Энэ аялал Эрээнийг эс тооцвол миний 11 жилийн дараа хийсэн гадаад дах аялал байлаа. 20 гаруй сая хүн амтай Бээжингээс тэнд ийм их хүн амьдарч байгааг мэдэрсэнгүй. 2 сая хүн байгаа юм шиг л санагдсан. Өвөл болохоор хүмүүс нь нээх гардаггүй юм байлгүй нэг л эл хуль түм түжигнэж, бум бужигнахгүй л байлаа.
Нэг харамсалтай юм болсон нь явахынхаа урд өдөр утсаа алдаад нэг муу утастай явсан юм. Даанч тэр утасны мемори карт нь эвдрээд бүх зураг, бичлэг байхгүй болчихсон. Хамт явсан хүмүүсийн утаснаас хэдэн зураг л олж авах шив. Зургийн аппарат авч явах гэж байсан боловч том болохоор нь төвөгшөөгөөд авалгүй үлдээсэн нь буруудлаа. Яаж ийж байгаад зураг, бичлэгээ сэргээхийг л бодъё доо. Бөөн дурсамж шүү дээ. 400 гаруй зураг байсан юм сан. Уул нь замд аятайхан залуутай танилцчих боломж гэж бодож байсан ч хүсэхэд хясна гэгчээр залуучууд байсангүй. Харин манай эрчүүд л эмч хүүхнүүдтэй зугаатай сайхан явж ирэх шив.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157