Тэмдэглэл-206

Блог дээрээ бичдэг болоод 3 жил болжээ. Бичсэн бүх зүйлээ уншсан чинь би биш өөр хүн юм шиг л мэдрэмж төрж байна. Зарим нэг  мартсан байсан зүйлсээ эргэж саналаа. Эхний 50, 60 тэмдэглэл нь блогоос өмнөх дэвтэр дээрээ бичиж байсан бичвэрүүд билээ. Тэдгээрийгээ уншсан чинь жоохон хүүхэд шиг л инээдтэй юмс бичиж. 2007 оноос хойш тэмдэглэл хөтлөөд 11 дэх жилдээ золгож байна. Өөрт тохиолдсон таатай, таагүй зүйлс, сэтгэгдэл үлдээсэн зүйлс, гуниг төрүүлсэн зүйлс , дурсамжууд, бусдад хэлж чадахгүй ч бичиж чадах зүйлс гээд толгойд юу орсноо бичсээр л байна. Заримдаа хэн ч тоож уншихгүй, өөрийнхөө цагийг гарздан байж тэмдэглэл хөтлөх нь утгагүй санагдаж ерөөсөө болъё гэж шийдэвч 11 жилийн турш бий болсон дадал болохоор тийм ч амархан бас больж чадахгүй юм. Миний л сэтгэл санаа хөнгөрч, надад л сайхан байвал болоо шүү дээ гэж бодогдоод тайвшраад үргэлжлүүлээд утгатай, утгагүй зүйлсээ сараачсаар л байна.

Өөртөө амласан зүйлсээ биелүүлж эхэлсэн болохоор бичихээр шийдлээ. Гэхдээ үр дүн нь миний санасан шиг байх эсэхийг мэдэхгүй л байна. Ямар ч л байсан урагшилж энэ эрчээ алдахгүйг л хичээж явъя даа гэх боловч нэг л мэдэхэд алдарчихсан байдаг түүх надад олон шүү дээ. Ямар ч л байсан л эрч хүчтэй байгаа дээрээ амжуулахыг хүссэн зүйлсээ хийж байхаар шийдлээ. Юу ч хийх хүсэл сонирхол төрөхгүй бол зүгээр л өөрийгөө орхичихож байя.

20 насандаа 30-тай хүмүүсийг л их хөгшин юм шиг хардаг байсан чинь өөрөө 30 гараад эхэлсэн чинь харин ч залуугаараа хөгшрөх  хаа байсан юм гэж бодогдож байна.
Ганцаараа байх дуртай болоод байгаадаа сүүлийн үед нилээн санаа зовж байна. За тэгээд олонтойгоо байя гэхээр надад олддог найз нөхөд алга. Бүгд тус тусийн хувийн амьдралаа хөөгөөд өөрсдийн гэр бүл гээд  би ч орхигдож байх шиг байна. Хаа нэг л хэдхэн цаг уулзаад л салцгаадаг болов оо гэж. Үргэлж хэлхэлдэж, байнга л хамт байдаг байсан үеүдээ хааяа хааяа дурсахаар сайхан санагдах юм.
8-р сарын эхээр анх удаа Хамрийн хийдийг явж үзлээ. Найзтайгаа дүүтэйгээ, найзын эгчтэй гээд дөрвүүлээ үүргэвчтэй аялал шиг хамгийн хямд зардлаар л явж байгаад ирлээ. Энергийн төв гэж олноороо нэрлэдэг нь аргагүй юм байна. Явж ирснээс хойш  маш их эрч хүчтэй л цоглог сайхан л байна. Биднийг очиход Давзанравжаа хутагтын мэлмий гийсний 215 жилийн ойн баяр наадам нь болоод Дорноговьчууд  сүртэй л тэмдэглэж байна лээ. Энэ жил говь гэхэд үнэхээр зуншлага сайхан байна лээ. Айхтар халууцаж хөөрөлгүй говийн зөөлөн салхинд илбүүлсээр байгаад л ирлээ. Гэм нь их айхтар борлосон л доо. Нутгийн хүмүүс Хутагтын ойг тэмдэглэх жил дандаа хур бороо элбэгтэй сайхан зуншлага болдог гэж ярьцгаадаг нь үнэн бололтой. Гэхдээ манай улсын сумдын хөгжил үнэхээр муу байнаа.
Эрээн хотыг хараад хил гараад Замын-Үүдийг харахаар  үнэхээр гутармаар болох юмаа. Сэтгэл санаа шууд 0% болтлоо унах юм. Яамаар ч юм бэ дээ. Гадны хүнээс биш өөрсдөөсөө л илүү байх гэж хичээцгээх юм даа. Тэрний оронд гадны хүмүүсээс илүү амьдрахын тулд хамтдаа хичээе, зүтгэе гэж болдоггүй юм байх даа.

Тусдаа гарч найзтайгаа амьдраад 1 жил боллоо. 2 өөр  хүмүүжилтэй,  өөр өөрийн амьдралын туршлага цуглуулсан хүмүүс хамт амьдрахад мэдээж муудалцах, санал нийлэхгүй зүйлс байсан ч   тэвчээртэй, хүлээцтэй зан, асуудлыг нөгөө хүнийхээ талаас бас харж чаддаг чадвар,нөгөө талын хүнээсээ миний төлөө ингэнэ дээ тэгнэ дээ гэсэн хий хоосон найдлага тавьж суудаггүй зангийхаа ачаар давж гаран өдий хүрчээ. Тусдаа амьдраад мэдээж өөрчлөлт орсон.
Санхүүгээ хамаагүй хямгатай зохицуулж сурсан. Үр дүнтэй худалдан авалтууд их хийдэг болсон. Хэрэгцээгүй шаардлагагүй зүйлсд мөнгө үрэхээ больсон. Тэгсэн ч гэсэн чанартай үнэтэй зүйлд мөнгөө зарцуулаад байгаа болохоор хуримтлал үүсгэж одоогоор чадаагүй л байна.

Хүний сайхан төрхөнд дуртай хэрнээ өөрийнхөө гадаад төрх үзэмжинд анхаарал тавьж чадаагүй билээ. Эр эмгүй л хүний гадаад төрхийг эхэнд хардаг гэдгийг мэдэж байсан ч өөртөө 4 жил гаруйн хугацаанд  анхаарал тавьж тордож чадахгүй харин ч улам л мяараад байснаа зогсоохоор шийдлээ. Одоо өөртөө арчаатай эмэгтэй байнаа. Дахиж өөрийгөө гаргуунд гаргахгүй ээ . Би өөрөө аз жаргалтай байвал эргэн тойрны хүмүүстэй сайхан энерги түгээнэ шүү дээ.  Дорой сулбагар нэгэн байвал бусдад уураа гаргасан, бусдыг буруутгасан зөв зүйлийг харж чадахгүй, зөвөөр бусдыг ойлгож чадахгүй ууртай, муухай ааштай эргэн тойрны хүмүүсээ гомдоосон шархлуулсан нэгэн л болно.
Хавар нэг найз маань FB-гээр танилцуулсан залуутай уулзахаар болсон чинь надаас намхан болохоор нь гадуур цуг гарахаас санаа зовсондоо гэртээ урьчихсан чинь буруудчихлаа шүү. Намайг гэртээ урисныг юу гэж бодсон юм болдоо зайлуул. Уул нь зүгээр л сайхан хоол хийж өгөөд, ярилцаж байгаад л явуулах төлөвлөгөөтэй байсан юм. Харин тэр хүн хэтрүүлж  бодоод ширүүн хүүхэн байна гээд айлгачихсан бололтой. Одоо яая гэхэв дээ. Угаасаа нээх таалагдаагүй ч найзыгаа бодоод  бас хүнтэй биечлэн уулзаагүй байж юу юуны туханд хүрэлгүй дүгнэхгүй байхыг хүссэндээ харьцаж байхад чинь хүнийг эвгүй байдалд оруулчихдаг байна ш дээ. Одоо бас нэг найз маань хүнтэй танилцуулъя л гээд байна. Танилцахаас даа. Ингэж яваад нөхөртэй болж чадах нь уу, үгүй юу.
Манай зарим нэгэн эрчүүд жаахан мөнгө төгрөг, хөрөнгөтэй болоод амьдрал нь дээшилэхээр амархан сагачих юмаа. Өөрөөс нь илүү хүн энэ хорвоод байхгүй юм шиг л аашлах юм. Нийлдэг хэдэн гарууд нь худлаа хөөргөж холгох санаатай худал магтан, зусарч бялдууч зан гаргаж цаасан малгай өмсүүлэхэд нээрээ л би мундаг гэсэн хандлага гаргана. Ааш аяг нь эвдэрч үнэнийг олж харахгүй өөрийгөө их юманд бодоод цаашаа явахаа больчихоор сайн санаж бодит байдлыг хэлсэн хүмүүсийг атаархаж байна гэж ойлгоно.  Тэгээд л нэг өдөр өөрт нь сайн санадаг хүмүүсийг холдуулсныхаа дараа  ухаарч ойлгоно. Яагаад энэ тойрогт ороод байдаг юм бол. Орохгүйгээр улам л өөрийгөө хурцалж зөв, буруу хүмүүсийг ялгаад чухал хүмүүстэйгээ л дотно байх хэрэгтэй шүү дээ.

Дахиж тэмдэглэл хөтлөхөө хэзээ ч барьцаалахгүй ээ. Үүн шиг утгагүй зүйл байхгүй юм байна. Би ч тэвчихгүй юм байна.


Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157