Тэмдэглэл-207

7,8-р саруудад Майкл Смит "Өөрийн амьдралыг өөрчил", Хэл Элрод "Өглөөний гайхамшиг" гэсэн номуудыг уншиж дуусгалаа. Урьдынх шигээ нэг суурин дээр бүгдийг нь уншиж чадсангүй. Нилээн удаан барьж тавин, олон дахин давтан уншлаа. Надад энэ хоёр ном хоёулаа таалагдсан ч "Өөрийн амьдралыг өөрчил" нь арай илүү санагдлаа.
Дандаа миний гаргадаг алдаа, муу зуршил, хандлага, залхуурал, сахилга батгүй, буруу шийдвэр гаргадаг байдлыг минь маш тодорхой  бичсэн байсан нь би 7 тэрбумын хүний 50% буюу  3,5 тэрбум хүнтэй ижил амьдралаар амьдарч байна  гэсэн үг байх. 
Өөрчлөгдөхийг хүстэл, өөрчлөгдөж чадна гэж өөртөө итгэтэл сайхан бичсэн номууд байна лээ. Өөрсдийнхөө бодит туршлага дээр тулгуурлаж, дээрээс нь судалгаа шинжилгээний тоо баримтуудыг ашигласан  болоод ч тэр үү өмнө уншиж байсан номуудаас арай өөр гэдэг нь мэдэгдэж байсан. Бас орчуулга нь их сайн болсон байна лээ.
Өөрчлөгдөхөд минь хамгийн том саад болж байгаа, өглөө бүр эрч хүчтэй сэрж, шинэ өдөр лүү яарах сэтгэлийг төрүүлэхгүй байгаа шалтгаан бол миний зорилгогүй байдал юм. Хөнжлөөс минь хуу татан босгох, зорилгодоо өнөөдөр нэг алхам ойртоно гэж бодохоор сэтгэл хөдөлж догдлуулах тэр чухал зүйл болох ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮСЧ БУЙ ЗОРИЛГО гээч нь надад байхгүй байгаа нь том саад байсан боловч өөртөө одооноос бага багаар зорилго тавьж тэрэндээ хүрч үргэлжлүүлж зорилгоо томосгож явнаа.
Их сургууль төгссөнөөсөө хойш үзэг цаас нийлүүлж номын дуу сонсоогүй болохоор сургалтандаа суугаад эхэлсэн чинь чих онгойгоод сайхан байна шүү. Хичээл хийх сайхан байна. Даанч сайн ойлгохгүй байна л даа. Манай ангийхан чин их мундаг хүмүүс байна. Би жаахан чирэгдээд л байна. Тэднийг гүйцэхийн тулд илүү хичээж өөрийгөө жаахан дайчлах шаардлагатай байгаа боловч гэрийн даалгавараа хийх, үзсэн хичээлээ маргааш дахиад нэг уншчихаж чадахгүй залхуураад байх юм даа.
Дахиад л ажлаасаа гарахаар шийдлээ. Яалтачгүй л цаашдаа хамт байхад хэцүү, ойлголцоход бүр хүндрэлтэй болох юм шиг байна. Дээрээс нь сургалтын төлбөрийг маань төлнө гэж хэлчихээд цагаа тулсан чинь дараа жил болтол хойшлуулчих гэж хэлээд урмыг минь асах ихээр хугаллаа. Энэ удаа эргэж буцахгүй ээ. Ер нь орчноо сольж шинэ хамт олон, шинэ хүмүүс дунд орноо. Угаасаа энд би хийх ёстой зүйлээ хангалттай сайн хийсэн гэж бодож байна. Үнэхээр замбараагүй эмх цэгцгүй будилсан байсан газрыг нэг нэгээр нь цэгцэлсээр одоо алзахгүй л сайхан болголоо. Хэн ч байсан ирээд ажиллахад түүртэх, зовох зүйлгүй, өр ширгүй, зөв зохион байгуулалттай, үргүй зардалгүй ажилладаг боллоо. Байгаа газраа өмнөхөөс илүү дээр болгодог, бага багаар өөрчлөлт хийдэг зан чанараа өөртөө гаргадагсан бол хичнээн сайхан. Өөрийгөө биш өрөөлийг л хөгжиж дэвшихэд туслах юм даа. Гэхдээ энэндээ харамсаж байсангүй ээ.
Заримдаа сэтгэл, хичээл зүтгэл, цаг хугацаа зарцуулсан гээд зууралдаад байж болохгүй орхих, явуулах ёстой зүйлс гэж байдаг юм байна. Өмнөх сайн үр дүн, сайхан дурсамж, харилцаагаа бүгдийг нь үгүй хийхээс өмнө зогсоод цаашаа өөр хүмүүстэй өөр замаар явах үе ирэхэд бэлэн л байх хэрэгтэй юм шиг байна.
Сургалтанд сууж эхэлсэн маань надад бас шинэ хамт олон, шинэ найз нөхөдтэй болох боломж билээ. Манай ангид миний үе мөртөө над шиг ганц бие бүсгүйчүүд 4,5 байна лээ. Сүүлийн үед ганцаардаад байсан би тэд нартай найз нөхөд болж хамтдаа цагийг сайхан өнгөрүүлдэг болох ч юм бил үү.



Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157