Тэмдэглэл-205

Яаж амьдрах вэ. Яаж амьдарвал өөрийнхөө хувьд сэтгэл хангалуун, харамсалгүй, амьдарсан шиг санагдах бол. Бодоод бодоод хариултыг нь олохгүй юм даа.
Эргэлзэгч байх хэцүү юмаа. Эргэлзээд л эргэлзээд л байна. Нэг сонголт хийх гэж наян юм бодно. Тэгснээ явж явж хамгийн муу хувилбарыг нь сонгох юм даа. Эсвэл амар хялбар мөртөө үр дүн багатай хувилбарыг сонгох юм.
Өөрийнхөө хамгийн муу хувилбараар амьдарсаар. Хэзээ өөрийнхөө хамгийн сайн хувилбараар амьдрах юм бол доо. Муугаас сайн болохын тулд их хичээл зүтгэл шаардлагатай бололтой. Даанч хувийн сахилга бат миний хувьд үнэхээр сул байна. Бурхан минь өдий 30 насан дээрээ ийм зүйл бичээд сууж байгаадаа итгэхгүй байгаа ч бодит байдал нэгэнт ийм болохоор яалтай билээ. Өөртөө тэвчээртэй хандаж, өөрийгөө бүрэн  дайчилж чадахгүй байгаа ч ядаж худлаа хэлмээргүй байна.
Бурхан багш гэгээрэхэд 40 жил зарцуулсан юм чинь би нэг өөрийгөө ойлгож мэдэхэд 10, 20 жил зарцуулж болох байлгүйдээ гэж  тайвшруулах юм даа.
Өдөр тутмын амьдралынхаа сонголт, шийдвэрт түүртээд ирээдүйн зорилгоо мартчихаад байх юм. Гэхдээ сүрхий тодорхойлсон зорилгогүй юм чин марталгүй л яахав дээ.
Илүүдэл жинтэй хүмүүс бусад хүмүүсээс илүү  нүүрсхүчлийн хий их ялгаруулдаг гэж байна. Өмнө ёстой мэдээгүй байсан юм байна. Өөрийгөө байгаль орчинд санаа зовдог хайрладаг хүн гэж бодоод байсан харин ч  хэдэн жил хордуулаад яваад байсан байна. Өөрөөсөө иччихлээ.
Үнэхээр эх дэлхийтэй хайртай юм бол ядаж наад жингээ багасга гэж өөртөө хэлээд л байж байна. Чадахгүй бол дуугүй чацага царайлаад сууж байя даа.
Нөхөртэй болж гэр бүл зохиовол нэг л хүүхэдтэй болноо. Үнэхээр хангалттай хэмжээний санхүүгийн чадамжтай байх юм бол яахав 2 хүүхэдтэй болж болох юм. Олон хүүхэд гаргахгүй ээ. Дэлхийн хүн ам өсөөд ирээдүйд яах вэ гээд толгойгоо гашилгаж байхад би бас нэрмээс болох гэж. Харин хүүхдэдээ дэлхийн хаана ч гологдохгүй амьдарч чадах хэмжээний хүмүүжил, боловсрол, чадварыг эзэмшүүлэх болно. Өөртөө ч сэтгэл хангалуун, бусдад ч тусалж чаддаг үнэ цэнэтэй иргэн болгохын төлөө л байна даа. Ер нь эцэг эхүүд үр хүүхдээ өөрсдөөс нь хамаагүй илүү мундаг сайхан амьдраасай л гэж хүсдэг байх. Би ч гэсэн хүүхдээ өөр шигээ амьдруулахгүйн тулд илүү их боломж, илүү их зүйлд хүрэх бүтээх тэр л нөхцөл байдалд өөрийгөө аваачиж чадах, ашиглаж чадах хүүхдийг өсгөж хүмүүжүүлж боловсрол олгохын төлөө л явна даа. Хөгширсөн хойноо хөлөө хучуулах гэж биш, хүн л болж төрснийх үр удмаа үлдээх хэрэгтэй гэсэндээ ч биш магадгүй хүний  амьдралд хийх хамгийн том чухал зүйл бол сайн үр хойч бэлдэх байх.
Оюун ухаант хүний амьдрал бий болсон цаг хугацаа дэлхий дээр амьдрал үүссэн цаг хугацаатай харьцуулвал маш богинохон шүү дээ. Гэхдээ энэ хугацаанд хүн төрөлхтөн маш их хөгжилд дэвшилд хүрч байна. Цаашдаа одоо төсөөлж ч чадахгүй байгаа зүйлд хүрэх л байх.
Дэлхийн түүх дуусах тэр цаг үе хэзээ нэгэн цагт ирвэл хүн төрөлхтөний түүх ч тэр хүртэл байгаасай. Эсвэл бүр тэрнээс ч хол өөр газар үргэлжлээсэй. Дэлхий байж л байхад хүн төрөлхтөн байхгүй болчихсон байх шиг харамсмаар зүйл үгүй шүү дээ.









Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157