Тэмдэглэл-195
https://www.facebook.com/bburtun/
https://www.facebook.com/Humuun- Миний хааяа унших дуртай fb хуудсууд.
...Сэргэлэн залуу чиний өмнө би
Сэтгэлээ алдан зорин очиж
Халуун янагаар уруул дээр чинь үнсэхэд
Чиний сэтгэл зүрх миний харцанд уусах болно
/https://www.youtube.com/watch?v=Fs9qtaliEWE
Ордны зурхайгаар бол 1, 2 сард хостой болох магадлал өндөр болохоор гарч зугаац, хүмүүстэй танилц гэсэн байсан боловч миний хувьд худлаа болох юм шиг байна. Ингэсээр байтал цагаан сар болоод 1, 2 сар нь дуусчих юм шиг байна. Цагаан сарын буузаа хийчихсэн болохоор амар байнаа. Одоо угаалга цэвэрлэгээ гэсэн том ажил байна даа. Зарим хамаатны дүү охидууд хоёр дах, гурав дах найз залуучуудаа дагуулж орж ирэх гэж байхад миний хувьд хүний урманд нэг ч хүн танилцуулж байсангүй. Дан ганц би ч биш дүү бид хоёр. Манай хоёр охин яачихсан гэхээрээ ганц ч хүн дагуулж ирдэггүй байнаа, хүнээс илүү биш юмаа гэхэд дутуу төрүүлээгүй дээ гээд л ээж минь үглэнэ. Гэхдээ хоёр дүү минь маш даруу төлөв өсч хүмүүжсэн. Эрэгтэй дүү минь тамхи татахгүй, архи уухгүй, өдий 4 курсын оюутан мөртөө гэрээсээ гадуур хонохгүй. Жилдээ ганц, хоёр гадуур хонодог байх. Тэр нь тэгээд найзуудаараа Dota тоглоно. Найзууд нь ч гэсэн өөртэй нь адилхан айлын бага юмуу ганцууд байдаг боловч зан ааш нь ерөөсөө эвдрээгүй хөөрхөн хөөрхөн юм ярьсан залуучууд байна. Ангийн нийллэг, зугаалга гээд аль аль нь гадуур хонож үзээгүй байхад эгч бол оюутан болоод л уяа нь алдуурсан нохой шиг л гадуур хонож, архи дарс юу л байна бүгдийг нь хэрэглэж үүрийн шөнийн цагаар гэртээ ордог байсан нь түрүү намраар л дуусах шив. Гэрт нэг бүтэхгүй нөхөр байдаг гэсэн тэр нь би бололтой. Гэхдээ би байсан нь дээр л дээ. Заримдаа ч дүүгээ ийм зөөлөн тайван хүн яаж прокурор болох юм бол доо гэж бодогдоно. Миний амьд явах ганц шалтгаан болсон хүн. Бага дүү минь байгаагүй бол би байтугай манай гэр бүл ч альхэдийн салж сарних байсан биз. 4 хүний хайр халамжыг хангалттай мэдэрч өссөн болоод ч тэр үү гаднааcаа л эрх гэдэг нь шууд мэдэгдэнэ. Хамаатнууд танай гэрийн бурхнаар юу байна гэж шоолно. Ажил дээр гараад амьдрал үзээд ирэхээрээ л архи, тамхинд орчихгүй байгаасай гэж л дотроо залбирах юм даа.
Хоёр нөхцөл дээр тохирсны улмаас ажлаасаа гарахаа болилоо. Нэг нь миний суралцах шаардлагатай байгаа сургалтын төлбөрийг нь төлнө гэсэн болохоор. Нөгөө нь мэдээж цалингийн нэмэгдэл. Яахав дахиад өөр ажил хийгээд нэмж байгаа ч гэсэн болж л байна.
Хүмүүс нээрээ яагаад эрэгтэй эмэгтэй хоёр хүн нэг ажлын байранд дээр ижил түвшний нээх ялгараад байхааргүй ур чадвартай байхад эмэгтэйд нь бага цалин санал болгоод эрэгтэйд нь өндөр цалин санал болгодог юм болоо. Тэгээд эмэгтэй нь эрэгтэй шиг нь цалин авахыг хүсэхэд нэмж өөр ажил давхар хийх болзол тавих юм. Ажил олгогч нь эмэгтэй хүн байсан ч гэсэн яг дээрх шиг хандлага гаргах юм. Эр эм гэлгүй хөдөлмөрийг нь нэг үнэлгээгээр ижилхэн үнэлэхэд юу саад болоод байдгийг мэдэх юм алга. Олон зууны турш дах эр хүн удирдагч, эмэгтэй хүнээс илүү гэсэн бодлоос л болдог байх даа.
Өөртөө өдөр бүр сануулж бүр цээжинд хоногштолоо харж байхын тулд хүслийн самбар хийлээ.
1. Англи, Солонгос хэлнийхээ түвшинг сайжруулна.
2. Хятад хэл сурч эхлэх
3.Бөмбөх тоглож сурах
4. Бүжгийн хичээлдээ байнга явж байх. Бараг сар бүжгийн сургалтандаа явж чадсангүй. Цагаан сарын дараа л тууштай, тогтмол явахаас.
5. Мэргэшсэн болох шалгалтаа амжилттай өгөх.
6.Хотын захад амьдарна. Зураг дээрх шиг байшин мөн зуслангийн байшинтай болно.
7. Жижигхэн хөөрхөн аж ахуйтай болно. Төрөл бүрийн ногоо, жимс тарина. Тахиа үржүүлнэ. Нэг муур, хоёр нохойтой болно. Нохой гэснээс манайх дахиад нэг гөлөг тэжээж эхлэсэн. Макс эзнээ харамлаад их уурланаа. Гэрт очихоор Цагаанаа, Макс, Бовгор гурвын тухай л яриа их болно. Ингэсэн тэгсэн нээх хөөрхөн гээд л...Макс даанч намхан дээрээс нь бас аймар эрх, хүн айлгах нь битгий хэл эрхэлж гүйсэн нохой болсон болохоор гэрээ хамгаалж хүн айлгадаг аймар нохойтой болох гэж дахиад нэг гөлөг тэжээж байна. Том болохоороо ямар нохой болохын бүү мэд. Харин муур маань бүр тэр хавийн эзэн шиг л байдаг юм. Гэхдээ өөрийн эрх дархаа тогтоох гэж их юм болсондоо зайлуул. Нэг зунжингаа л бөөн шарх сорви болсон. Одоо бол хаа ч додигор явж байгаа юм чинь. Бараг нохойгоо өмөөрч нохойтой зодолдоно шүү бүдка чинь.
8.Хадгаламж нээнээ. Дахиад одоо хаахгүй ээ. Яаж ийж байгаад нэг хуримтлалтай болноо.
9. Мэдээж аялана.
10.Сайхан гэр бүлийг бий болгож сайн эзэгтэй, ээж, эхнэр болноо.
11.Санхүүгийн хувьд боломжтой үедээ хандив, тусламж бусдад үзүүлж байнаа.
Утга учиртай амьдрахыг хүсч байна. Энэ нь гэхдээ баян тансаг амьдрана гэсэн үг биш л дээ. Өөрийнхөө хувьд нэр төртэй сэтгэл хангалуун хийе гэснээ хийсэн, бусдыг хайрлаж бусдад хайрлагдсан хүн баймаар байна.
Comments
Post a Comment