2023 оны тухай

 


2023 онд өмнөх жилүүдээ бодвол их хөдөлгөөнтэй жил байлаа. 4-р сар хүртэл тогтвортой байсан амьдрал хөдөлгөөнд орсон. Дүү минь мөрийтэй тоглоомоос болж  их мөнгөний өрөнд орсон тул би давхар ажил хийхээс аргагүйд хүрч 5-р сараас жижиг итали рестораны тооцоог хариуцах боллоо. Тэр өрийг нь барагдуулахын тулд энд тэндээс зээл ч авлаа. 2 давхар ажил хийж байгаа болохоор нэг ажилдаа 100% анхаарч чадахгүй байсан болохоор 8-р сараа дуусгаад үндсэн ажлаасаа гарав. Байх шаардлага дууссан газар байх гээд ч хэрэггүй байдаг шүүдээ. Нэгэнт миний хийх ажил дууссан бүх юм нь цэгцрээд ок болчихсон болохоор. Хашаа байшингаа зараад аав ээждээ 2 өрөө байр азтай тохиолдлоор хямд үнээр авч өгөв. Жаахан хол л юм даа. Гэхдээ яахав нэгэнт л аав ээж 2 минь байшинд амьдарч чадахгүй болсон болохоор. Ер нь л хийе гэж бодсон зүйлс мин биелсэн жил байлаа. Дүүгийнхээ өрнөөс ч нилээн даралцлаа, аав ээж хоёроо байранд орууллаа. Хэрвээ дүү мин өрөнд ороогүй байсан бол төлсөн тэр их мөнгийг өөр зүйлд зарцуулий гэж бодож байсан ч алдаж байж авдаг гэдэг нь л надад тохиолдох шиг боллоо. Дүү маань ч сайн ухаарч зөв замдаа ороод хүмүүсийг ч таньж сурсан байх. Гэр бүлтэй болж өрхийн тэргүүн болохоосоо өмнө алдаж онож сурсан нь дээр ч байсан байх. Гэр бүлээс өөр хэн ч хэцүү цагт туслахгүй гэдгийг мэдэж авсан байх. Найз гэсэн хүн бүхэн зовохын цагт бүгд найз байдаггүйг, сайн гэж араас нь гүйдэг охид үнэн хэрэгтэй өнгөцхөн өнгөтэй мөнгөтэйд л татагддаг гэдгийг их л ойлгосон юм шиг байна лээ. Гэр бүлийн 5 хүн эрвийх дэрвийхээрээ хөдөлмөрлөж байж 2023 оныг дуусгалаа. Миний хувьд Солонгосоос ирснээс хойшхи их ажилласан жил боллоо. Блог дээрээ ч бичих завгүй. Хамаг энергиэ мөнгө олоход зарцуулсан жил байлаа. Хайр сэтгэл болзоо бол бүр юу ч байсангүй. Угаасаа маш завгүй байсан болохоор тэр талаар ч бодсонгүй. Мөнгө санхүүгийн байдал арай дээрдсэн болохоор давхар ажил хийхгүйгээр 11 сард орсон шинэ ажилдаа үлдэж, нөгөөхөө болихоор шийдлээ. 

2024 оныг жинхэнэ утгаар нь өөрийнхөө боловсрол, эрүүл мэнд, гоо сайханд зарцуулахаар шийдлээ. Нас ч яваад өмнөх шигээ байхгүй нилээн анхаарал тавих шаардлага тулгарч байна. Одоо л анхаар ч авахгүй бол 40 гараад л муудах шинжтэй. Тиймээс 2024 оныг өөртөө анхаарах жил болгохоор шийдсэн. Мөн гэр бүл зохиох тал дээр нилээн анхаарахгүй бол ганцаардаад байна. Өөөртөө тохирох сайн залуутай учирч сайхан гэр бүл бий болгохыг юу юунаас илүү хүсч байна.

Бас 2023 онд хойшдоо яаж амьдармаар байгаагаа нилээн тодорхой болгосон жил байлаа. Хүсч байгаа амьдралын хэв маягаараа амьдрахын төлөө л сонголт шийдвэрээ гаргаж явна аа.

2023 ондоо сайн нь муугаасаа их байсанд талархаж байна. Бас давгүй давсан өөртөө талархаж байна. 

2024 он маань бас миний хүссэн бүхэн биелсэн сайхан жил болохыг хүсье.

Монгол Улсад маань  тохиолдож байгаа хэцүү бүхэн ирээдүйд ард иргэд нь ухаантай зөв сонголт хийдэг болоход туслаж байгаа, ард иргэдээ ухааруулж байгаа зүйлс юм. Юу үнэн, юу худлыг одоо л салгаж хардаг болж эхэлж байгаад баяртай байна. 

Би багаасаа л ном уншдаг байсан. Ном уншлаа гээд би баяжаагүй бусдаас илүү ухаантай болоогүй, сэтгэл гутралд орохоос авраагүй ч хүнийг таньдаг, мэдээлэлд шүүлтүүртэй ханддаг, үнэн худлыг ялгах чадварыг өгсөн юм байна. Тиймдээ ч муу санаатай хүмүүсээс хол байж өөртөө гай дуудалгүй явсан юм байна. Муу санаатай хүмүүс ч надад ойртдоггүй юм байна. Тэдний арганд орж тэдний хүссэн шиг байхгүйг ч мэддэг байсан байх л даа.

Урьд нь ямар азгүй болохоороо Монголд төрчвөө, Монголоос өөр газар төрсөн бол арай л өөр амьдрах байсан гэдэг байсан ч нас явсных ч тэр үү эсвэл үнэхээр л байх газраа төрснөө ойлгоогүй дээ тэгдэг байсан уу одоо бол зөвхөн Монголдоо л гэдэг болж. Монгол минь бусад хөгжингүй орнууд шиг хөгжвөл хаа ч байхгүй сайхан улс л болно л доо. Одоогоор ядуу байгаа ч ирээдүйд баян чинээлэг улс болно гэдэгт итгэлтэй байна. Гол нь улс орон, ард иргэдээ замчилж чиглүүлэх  урагшлуулах сайн удирдчид л хэрэгтэй байна. 

Би ч гэсэн залуу дүү нартай үлгэр дуурайлал хаа ч явсан үзүүлэхийг хичээдэг. Буруугийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй байхыг, зоригтой шудрага байхыг, зөв гэж бодож байгаагаа хийж байхыг, хүнтэй сайхан харьцахыг гээд л надтай хамтарч ажиллаж, найзлаж байгаа дүү нартаа үлгэрлэхийг хичээдэг. Үгээрээ биш үйлдлээрээ л харуулахыг хичээдэг. Хүн хичнээн гоё сайхан уран яруу ярьж болох ч үйлдэл нь үг шигээ биш бол худал хүн гэдгийг л ойлгуулах гэж хичээж байна даа. 



Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157