Далын тал
За ингээд миний бие нь 35 насыг зооглолоо. Он гараад 36, цагаан сар болохоор 37 болоод нэмэгдээд явчих байх. Гэхдээ би яг яс тоолдог болохоор 35 нас хүрч байна гэсэн үг. Дахиад л бүтэн жил блог дээрээ тэмдэглэл хөтөлсөнгүй. Сүүлийн 2 жил өдийг хүртэлх миний амьдралын хамгийн нам гүм үе болсон юм шиг байна. 2021 оны 10-р сарын 5-наас 2022 оны 10-р сарын 5 хүртэлх хугацаа бүүр нам гүм байлаа. Энэ жил зарим найзуудтайгаа ганц ганц уулзлаа. Заримтай нь бүр уулзаагүй 2, 3 жил болчихож. Ажлын хамт олон, гэр бүл маань л энэ жил миний харилцсан хүмүүс байлаа. Сэтгэл гутралд энэ жил автсангүй. Дээшээ доошоо янз бүр болж хэлбэлзэхгүй тогтвортой сайхан байлаа.
Нэг жилийн энэ хугацаанд юу болов гээд бодоод үзтэл:
Хайр дурлалын хувьд ямар ч өөрчлөлтгүй ганц бие байлаа. Болзоонд ч явсангүй. Хүнтэй ч танилцсангүй. Харин 2ш секс тоглоомтой болсон. Тэрийгээ бэлгийн амьдралдаа ашиглаж байгаа. Тоглоом надад их таалагдсан. Өөрийгөө бас шинээр мэдэрсэн. Цаашдаа улам нэр төрлөө нэмэгдүүлэх сонирхолтой байгаа. Ямар ч байсан авахыг хүссэн тоглоомоо бол точиклоод мөнгөтэй болохоо хүлээж байна даа.
Дүүгийн минь найз их сайн удган охин намайг бараг л гэр бүлийн амьдрал зохиохгүй юм байна. 40 хүрэхээсээ өмнө гэр бүл болохгүй бол тэгээд л насаараа ганц бие явах юм байна гэсэн. Багаасаа л өөрийгөө хэзээ ч хүнтэй суухгүй байх гэж мэдэрдэг байсан нь бараг л үнэн болж таарах юм шиг байна. 40 хүрэхээсээ өмнө гадагшаа гарч амьдарвал гадаад хүнтэй сууж болох юм. Монголд байх юм бол ер нь л тэгээд ганц бие амьдрах юм байна гэсэн. Гэхдээ яахуу оронд нь би өөрөө хичээж хөдөлмөрвөл мөнгөтэй амьдрах юм гэсэн.
Эрүүл мэндийн хувьд эрүүл, жин бол Солонгоос ирсний дараа буцаад 10 гаран кг хэдхэн сарын хугацаанд нэмэгдсэн. Тэрийгээ хоолны дэглэмээр бага багаар хасч байна. Өмнө нь иддэг хэмжээгээ 3-р сараас эхлэн 50 хувь бууруулсан. Нэмэлт амин дэмүүд сайн ууж байгаа. Оройдоо махтай хоол идэхгүй, өдөртөө цагаан будаа гурил мах бараг хэрэглэхгүй. Ер нь л мах, сахарны хэрэглээ их багассан. Тэжээллэг хүнд хоол биш, шингэц сайтай хөнгөн чанарын хоол идээд одоогийн байдлаар 7 сарын хугацаанд 6 кг хассан байна. Энэ завсараа 1 сар зумба, 1 сар фитнессээр хичээллэсэн юм байна. Ер нь тэгээд бодоод байхад хүүхэд байхын л идэвхитэй хөдөлгөөнтэй хүн байгаагүй. Бие тамирын хичээлд тойргоор гүйж ойр зуурын дасгал л хийхээс өөрөөр оролцдоггүй байсан. Чирта дээс резиндэж л тоглодог байсан юм байна. Сэлэнгэд амьдардаг байсан болохоор ногоочин хүмүүсийн хийдэг ажлыг хавраас намар болтол хийж гэрийнхэндээ тусалж, өвөл ойр зуурын гэрийн ажил хийнэ. Оюутан байхдаа айл, оффисын цэвэрлэгээний ажил, оройдоо зөөгчийн ажил хийдэг байсан нь тухайн үедээ туранхай байхад нөлөөлдөг байжээ. Гол нь иддэг байсан хоолоо бодсон ер нь ногоо түлхүү орсон будаа, гурил, мах багатай л хоол иддэг байж. Бас элдэв янзын амттан идэхгүй. Ажилд ороод өөрөө мөнгөтэй болоод ирсэн чин янз бүрийн сахар ихтэй хүнс, мах их иддэг болж эхлээд л таргалжээ хөөрхий. Буруу хооллолт, стресс, сахарны их хэрэглээ л энэ их жин дээр хүргэсэн байна. Дээрээс нь өөрөө идэвхитэй дасгал хөдөлгөөн хийдэг төрлийн хүн биш болохоор авсан калорио шатааж чадахгүй шингээсээр байгаад л таарч.
Одоо ер нь яахаа ойлгоод мэдээд авчихсан болохоор хөдөлгөөндөө зохицуулж л хоолоо идэж байхаар болсон. 9-р сар тэр чигтээ ээлжийн амралттай байлаа. 7 хоног гэрээс гаралгүй буйдан дээрээ хэвтэж утсаа оролдож өнжлөө. Би урд насандаа муур байсан байсан юм шиг байна. Хэвтэхээс би ерөөсөө залхахгүй юм байна. Бие маань ч чилэхгүй юм байна. Хөдөлгөөнгүй хэвтэж байгаам чин гээд хагас өлсгөлөнгийн байдалтай байсан чин жин нэмэх биш харин хассан байсан. Тэгэхээр хүн ер нь хэр хөдөлгөөнтэй байгаа, ямар хүч зарцуулж байгаагаасаа хамаараад хоолоо шийдээд зохицуулаад явбал таргалах гэдэг асуудал үүсэхгүй юм байна гэж ойлгосон.
Боловсролын хувьд ээлжийн амралтаараа 20 хоногын мэргэжлээ дээшлүүлэх сургалтанд суулаа. Миний мэдлэг маш их хуучирсан, бас мартсан зүйлс их байсныгаа санаж авлаа.
Ажлын хувьд хамт олонтойгоо харилцаа сайтай нэг жил өнгөрлөө. Цалингаа бас нэмүүллээ. Одоо бараг албаныхаа ахмадын тоонд орж байгаа болохоор эгчээ гэж хүндлүүлээд л сайхан л байна.
Одоо өөрийнхөө боловсролд л анхаарая даа.
Comments
Post a Comment