Тэмдэглэл 221

Тэмдэглэл бичээгүй  1 жил гаран  болжээ. 6.18-нд Монголдоо ирлээ. Ирээд 3 сар гэртээ сайхан амарлаа. 9-р сараас мэргэжлээрээ шинэ компанид ажилд ороод 1 сар болчихлоо. Гэртээ ойрхон газар ажилд орсон болохоор 15 минут л алхаж ирж, очиж  цаг хэмнээд үнэхээр амар байна. Ирснээсээ хойш хотын замын түгжрэлд үнэхээр тэвчээр алдарч үгээ хэллээ. Тиймээс яаж байсан гэртээ ойрхон ажил л сонгоно гэж шийдсэн. Гэвч өглөө болгон ажилдаа явна гэхээр үнэхээр ядаргаатай санагдаж байна. Амралтын өдрүүд, ажил тарах цагаа үнэхээр их хүлээдэг болж. Гэртээ амарч байх хугацаандаа өвөөгөө хэсэг харсан юм. Бие нь муу байж байгаад гайгүй болоод Сэлэнгэ буцсан боловч 10.09-нд өнгөрчлөө. Ээжийн сэтгэл л хэцүү байсан байх. Харин би юу ч мэдрээгүй. Сэлэнгэд ажил явдал нь болсон болохоор очиж ч чадаагүй. 
Солонгосд байх нэг жил гарангийн хугацаанд үнэхээр их юм ойлгож өөрийгөө бас шинээр олж харлаа. Одоо ингээд бодохоор Солонгост байгаагүй юм шиг санагдаж байна. Солонгост хаа очиж муу хүмүүстэй тааралгүй муу зүйл бололгүй сайн байж байгаад ирлээ. Нэг л муу зүйл болсон нь халуун усанд хөлөө түлж баруун хөлны шагайн дээрээ л муухай сорвитой боллоо. 
Олон  ажил хийсэн боловч ихэвчлэн шигдан, үйлдвэрүүдэд л ажиллаа. Мэдээж бас яаж зүгээр байх уу 4 залуутай танилцсан боловч юу ч болсонгүй. Үнэхээр яриа нийлэхгүй юм байна лээ. Тиймээс хайрын романс бас байсангүй. Солонгост байсан хүмүүс тураад ирдэг гэсэн боловч би нээх турсангүй. Яг л хэвээрээ л ирлээ. Тэнд байхад эхэндээ арьс маш их хуурайшсан, үс бүр үнэхээр аймар унаж шингэрсэн, бараг 2 сар гаран нүүрэн дээр маань маш их батга гарсан. Бас зуны халуунаас нь болоод хөлсний харшил цээжин дээр маань гарсан. Маш их арчилгаа мөнгө үрж байж энэ бүгдийг гайгүй болгосон. Ганц бие эмэгтэй хүн бол мөнгө хураана гэж үнэндээ л байхгүй байна лээ. Над шиг нэгэн бол бүр худлаа. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн, амттан хоол унд аялалд мөнгө их зарцуулсан юм байна. Бас тусдаа ганцаараа байр түрээсэлж амьдарсан болохоор түрээс, газ, тог, утас, метро автобусны мөнгө гээд их үрэгдсэн. Гэхдээ яах вэ өдөр бүр ажилд гараад байвал дажгүй л амьдарна. Харин ажилд гарч чадахгүй удвал үнэхээр дампуурах юм байна лээ. Би бол үнэндээ өөрийгөө дайчилж  шаргуу ажиллаагүй боловч өөрийн хэмжээндээ үнэхээр сайн байсан гэж бодож байна. Солонгосоос сайхан дурсамжтай буцсандаа баяртай байна.
Сүүлийн BL/yaoi/ аниме, мангад донтож байна. Бүр хэдэн шөнө дараалан 3 4 цаг унтаад л утсаараа англи орчуулгатай BL манга уншиж байна. Гей порно арай үзээгүй л байна. Одоогоор үзэх хүсэл төрөхгүй зүгээр л мангануудыг нь унших, анименуудыг үзэх гоё санагдаж байна. BL драмаг бас арай эхлээгүй байна. Уул нь зөндөө байдаг юм байна.  Үзсэн нь playmo.mn  дээрээс "Dear Victor", "Young royals" 2 юм байна.
10.05-нд төрсөн өдөр минь болж 34 хүрлээ. 34 гэдэг тоог бодохоор нэг л хөгширсөн юм шиг санагдаж байгаа ч өөрийгөө харахаар 34 хүрсэндээ итгэхгүй юм. Төрсөн өдрөө бас нээх сүртэй тэмдэглэсэнгүй. Ажлын өдөр байсан болохоор бушуухан гэртээ харьж BL мангануудаа унших нь сайхан санагдаж байсан.
Бас Солонгост байхдаа нэг зүүд зүүдэлснээ би мартсангүй. Чингис хаан, Гитлер 2-той уулзаж байна гэж зүүдлэсэн. Зүүдэнд минь нэг тийм тольтой төстэй  цагаан өнгөтэй бөөрөнхий зүйл харагдаад тэрэнд ямар нэгэн зураг харуулвал тэр зурагтай холбоотой хүнтэй уулздаг. Би тэгсэн танк харуулж байх юм. Нэгтийм машинд суучихсан нэг эрэгтэй хүнтэй хамт маш хурдтай давхиж байна. Хажуунаас нэг машинаас бидэн лүү буугаар буудаад байхын. Тэр хүн надад санаа зоволтгүй сум нэвтэрдэггүй машин гэж хэлж байна. Би яагаад ч юм Гитлер гэдгийг нь мэдээд байсан. Тэгээд бид 2 зугатаад ажлынх нь өрөө бололтой нэг өрөөнд орж ирээд суулаа. Надад одоо дайн хийх хүсэл байхгүй залхаж байгаа талаараа яриад байх юм. Би тэгсэн дотроо Орос руу түүхэндээ дайрдаг шүүдээ одоо ингээд больчихвол түүх өөрчлөгдөнө гэж бодоод Орос руу дайрахыг ятгаж байх юм. Орос том гүрэн би ялж чадахгүй гэхэд нь би "Би чамайг Москвад хүлээж байя" гээд өрөөнөөс нь гарч явснаар Гитлертэй уулзсан хэсэг дууссан. Гэхдээ яагаад ч юм бэ Гитлер надад аюултай муу хүн шиг санагдаагүй. Харин дайн хийхийг ятгаж буй би л өөрөө аюултай санагдсан. Дараа нь нөгөө толь шиг юманд нь 1000 төгрөг харуулвал гэнэт  эргэн тойрон тэнгэр шиг цэнхэр өнгөтэй газар хүрээд ирсэн. Маш их нам гүм, амар амгалан байдлыг мэдэрсэн. Тэгснээ гэнэт л сансарт гараад дэлхийг гаднаас  харсан. Хажууд маань Чингис хаан зогсоод бид 2 Монголыг сансраас харж байсан. Эргэн тойрон хиймэл дагуул аятай маш их том зүйлс байсан. Чингис хаан надад Орос Хятад 2 сүлбэлдээд байгаа. Монголд маань байдал эвгүй болж магадгүй гээд санаа зовсон шинжтэй ярьж байх юм. Би тэгээд одоо бид яах уу гэсэн чинь ямар ч байсан би эндээс харж байх болно гэж хэлэхэд нь би сэрчихсэн. Энэ зүүдээ мартахгүй гэж маш сайн манасан шүү.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157