Тэмдэглэл-218

Тэмдэглэл бичээгүй 2 сар болчихож. Компанийн үйл ажиллагаа тааруу байгаа болохоор сүүлийн 45 хоног бараг л амралттай байлаа. Энэ хугацааг үр дүнтэй ашиглая гэж бодсон боловч санаснаар болсонгүй. Нэг мэдэхэд л цаг хугацаа юу ч хийж амжаагүй байхад урсан одож. Өчнөөн санаа зовоосон асуудлууд байгаа ч юуг нь ч шийдэж чадахгүй дэмий л их бодож цаг хугацааг алдах юмдаа. Дорвитой үйлдэл хийлгүй. Унтаж, идэж, кино үзэж, ганц 2 ном уншиж, гэрээ цэвэрлэж, хоол хийж, хааяа зурагт, инстаграм, тик ток, фэйсбүүк ухаж ингэс тэгэсхийж байтал өдөр хоног урсан өнгөрч. Мэдээж мөнгөний асуудалгүй байсан бол ингэж амьдрах сайхан санагдсан. Бас тайван. Гэвч амьдрахын тулд мөнгө хэрэгтэй. Мөнгөтэй байж л бусад санаа зовоосон асуудлуудыг төвөггүй зохицуулж болно. Яаж мөнгөтэй болох вэ гэж мянга бодож үсээ зулгаасан ч өөрт тохирох шийдэл олж чадсангүй.
За ядаж гэртээ байж  дасгал хөдөлгөөн хийж өөртөө анхаарал тавъя гэж бодсон ч өөрийгөө захирч чадахгүй залхуурсаар байгаад л таарлаа.
Сурагч байхад багш маань "Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу" гэж магтдаг байсан сан. Бас томчууд даруу төлөв, томоотой бай, ахмад хүнийг хүндэлж бай гэж сургадаг байсан. Гэхдээ би даруу байхыг хүсээгүй ч бага насандаа байнга хэлүүлсээр байгаад хэтэрхий даруу нэгэн болчихож. Ямар ч оч үгүй. Би хөгжилтэй хүн, инээдэм наргианд дуртай, өөрөө бас хөөрхөөн шогч. Гэхдээ цоглог, эрч хүчтэй бол биш.
Бусдыг гомдоочих вий, буруу сэтгэгдэл төрүүлчих вий  гээд хэлэх үгээ хэлж чадахгүй, хийхийг хүсээгүй зүйлээ хийж, үүрэг хариуцлагад баригдаж тэрэндээ өөрөө шаналж бухимддаг байсан маань намайг сэтгэл гутралтай болгосон. Уурламаар байсан ч, хашгичиж орилмоор байсан ч биеэ барьж тэвчсээр тэвчсээр дотроо бугласаар  эцэст нь өөрийгөө ойлгохоо байж амьдрах ч утгагүй мэт санагдаж эхэлсэн. Амьдралыг бэлэг гэж харах гэж, утга учиртай  сайхан амьдрах гэж хичээсээр л байна. Ирээдүйд найдаж таамаглах аргагүй болохоор сайхан зүйл тохиолдох байх гэж найдвар тээж амьдарч байна.
Сүрхий мундаг хүн болох гэж хичээгээгүй зүгээр л өөрийгөө олсон хүн баймаар байна.
Согтохоор өөрийнхөө ямар хоосон байгааг илүү их мэдрэх юм. Дотор минь юу ч байхгүй хов хоосон юм шиг. Муухай мэдрэмж болохоор уухгүй баймаар байвч цаанаасаа л бачимдаад хэн нэгэн нь уу уу чи арай л дээрдэнэ гэж шивнэнэ. Нэгхэсэгтээ л элдэв зүйл бодож өөрийгөө сэтгэлээр унагаахгүй явна. Хэсэг хугацааны дараа үл ялиг бэрхшээл, бүтэлгүйтэл тохиолдоход яагаад миний амьдрал зүгээр л асуудалгүй үргэлжилж болохгүй байгаа юмбэ гэж бодогдон дахиад л өнөөх шивнээ сонсогдоно.
20 хүрэхгүй хоногийн дараа шинэ он гарах гэж байна. Хүмүүний тооллын нэг жил өнгөрч, нэг жил хүрэлцэн ирнэ.
Энэ жилийн 3-р сараас 10-р сар хүртэл миний хувьд завгүй сарууд байсан. Олон зүйл болж өнгөрсөн.
Хайр сэтгэлийн асуудалд би нэг л одгүй байх юм. Хүний амьдралын чухал зүйлүүд дээр би ганц нэгэнд нь биш бүгдэд дээр нь асуудалтай байна. Зөвхөн эрүүл мэнд л сайн байна. Үүнд гэхдээ талархах хэрэгтэй. Саад бэрхшээл, асуудалгүй амьдарч үзэх юмсан.
"Шүд эрүүл бол бие эрүүл" гэдэг байхаа. Энэ үг үнэн бололтой. Би бас шүдэндээ асуудалтай юм байна. 32 настай гэхэд 2 шүд байхгүй, 2 шүд ломботой. Ломботой нэг шүдийг нь дахиад л хорхой идээд цоорчихсон. Шүд миний хувьд асуудал бололтой. Магадгүй миний хэтэрхий их бохь зажилдаг зуршлаас болсон байх. Би багын л бохь зажлах маш их дуртай байсан. Гэхдээ хүн шиг хоол шингээх зорилгоор биш хэдэн цагаар ч хамаагүй зажилдаг. Өлсөж байвал юм идэхийнхээ оронд бохь зажилдаг тэнэг зуршлаа засмаар байвч чадахгүй юм даа. Миний цүнхэнд бохь байхгүй байна гэж хэзээ ч байхгүй.
Саяхан би нэг гоё зүүд зүүдэлсэн. Өөрийгөө Парист оччихсон байна гэж. Эйфлийн цамхагыг буудлын өрөөний цонхноос хараад л, би хэзээ Парист ирчихвээ бичлэг хийж найзуудда харуулая гээд утсаараа бичлэг хийж байгаад сэрчихсэн. УБ хот заримдаа миний зүүдэнд маш өөрөөр зүүдлэгддэг. Маш гоё хотоор. Сэрснийхээ дараа манай хот миний зүүд шиг харагддаг болохын тулд хэдэн жил шаардагдах бол гэж бодогддог.
Багадаа би хамаг юмаа нэг том торонд хийгээд л за би явлаа баяртай гэж  их тоглодог байсан гэсэн. Манайхан намайг энэ одоо ингэж тоглоод байхын том болоод ийшээ тийшээ их явдаг хүн болох нь дээ жүжигчин ч болох байх гэж ярьцгаадаг байсан гэсэн. Тэр үед жүжигчид, урлагийн хүмүүс аялан тоглолт, кино зураг авалт гээд  хөдөө гадаа их явдаг байсан болохоор л намайг тэгж ярьдаг байсан байх. Бодоод байх нь ээ багаасаа л өөрийнхөө амьдралын замналыг мэдэж тэрийг гэрийнхэндээ харуулж намайг жүжигчин болгоорой л гээд байсан юм шиг байна. Даанч ядуу амьдралын эрхээр өөрчлөгдсөн болохоор л одоо ингээд замаа олохгүй яахаа мэдэхээ байсан нэгэн болчихож.
Хүүхэд байхдаа би бүжиглэдэг, жүжиглэдэг, хөтлөгч хийдэг, шүлэг өгүүлэл зохиодог, уран уншигч байсан боловч дэмжиж хөтлөх, зөвлөгөө өгөх, том хүн нэгээхэн ч байгаагүй бор зүрхээрээ өөрийхөө хүсэл сонирхолоор хийж явж байгаад л өнгөрсөн байдаг.
Дээр үеэс л хүүхдээ багад нь сайн ажиглаж бай, яаж тоглож байна, ямар авъяастай байна, юунд илүү их дур сонирхолтой байна гээд анхаарч том болохоор нь тэр зүг рүү нь чиглүүлж өсгөж хүмүүжүүлэх хэрэгтэй гэдэг нь үнэн байх.


Миний зүүдэнд  Эйфлийн цамхаг энэ зурагтай их төстэй харагдаж байсан




Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157