32 жил

Уул нь төрсөн өдрөөрөө тэмдэглэл бичъе гэж бодсон ч шартаад тэнхэл байсангүй. Бас тэрнээс хойш бичих хүсэл төрсөнгүй. 9-р сарын дундуур хотод ирлээ. Зуны 3 сар зугаатай, уур хүргэсэн, ядарсан, сэтгэл амар өнгөрлөө. Хотод ирээд 5 хоног гэрээр эмчилгээ хийлгэлээ. Хэтэрхий ядаргаанд ороод толгой маань санжилдаг болчихсон байсан. Сүүлийн нэг сар нь бараг эрэгтэй ажилчид байхгүй би өөрөө  "хүчит хар"  шиг хүчний ажлуудыг нь хийгээд байсан болохоор аргагүй ч үгүй биз. Суух ч завгүй өдөржин юм хийгээд л байсан мөртөө турж чадаагүй харин нэмсэн. Дээрээс нь баки болсон. Өмнөхөөсөө илүү том биетэй болчихсон.
Найз маань намайг учиргүй даруухан, сайн залуу гээд л fb-гээр танилцуулсан ч надад харьцаад эхэлсэн чинь яавч цоо эрүүл хүн биш нэгтийм сэтгэцийн бага зэрэг гажигтай юм шиг санагддаг байсан. Тийм болохоор нээх илэн далангүй байлгүй ойр зуурын юм бичсэн шигээ л хот ороод найзыгаа бодоод нэг уулзвал уулзах юмдаа гэсэн харилцаатай байж байгаад хотод ирээд уулзахын өмнөхөн өнөө залуугийн минь тухай нэг хүүхэн өөрийнх нь fb дээр бүх найзуудыг нь "мэншн" хийж байгаад ямар гажигтай залуу болохыг нь бичсэн байж билээ. Өөр лүү нь хэрхэн бэлгийн чиг хандлагатай элдэв балай чатууд явуулсныг дэлгэсэн байсан. Яаж овоо уулзаагүй байсан юм. Уулзсан бол салахгүй нэг хачин юм байх байсан биз. Хүнтэй танилцуулаад өг гэж гуйгаагүй байхад очиж2 эрүүл бус юмтай холбож өгсөнд найздаа уурласан ч найз минь буруугаа ойлгосон. Бас бүх найзууддаа тэр тухай хэлсэн болохоор одоо намайг элдэв бусын юмтай холбож уулзуулах гэхгүй л байна.
Эрэгтэй хүнийг хэтэрхий сайн мэддэг болчихож. Хөдөө сайн ажилласан гээд захирал маань шагнасан 250,000 төгрөгийг "Ид шидийн орон"-д хандив болгож өгсөн. Анх удаа л танил бус хүмүүст өгч байгаа хандив маань.
Энэ жил их л үйл явдал болж 10р сараас л нам жим тогтуун байна. Шинэ ажилд, шинэ чиглэлд , шинэ хамт олонд орж ажиллаж эхэллээ. 5 жилийн лизингээ дуусгаж, 2 өрөө байранд орж 10 жилийн лизингээ эхлүүллээ. Монголын зүүн хязгаарт 3 сар ажиллаа. Өөрийгөө үйлчилгээний, аялал жуулчлалын салбарт ажиллавал бас чадах юм байна гэдгээ мэдэрлээ. Бараг л кэмпийн менежер шиг л ажиллаа даа. Мэдээж согтууруулах ундаа надаас хол байна гэж юу байхав хөдөө ч тэр, хотод ч тэр сайн уусан. Уугаад л, ажлаа хийгээд л байлаа.
Одоо жил жилийн зорилтын эхэнд байдаг " жин хасах" арга хэмжээгээ л үнэхээр сайн биелүүлмээр байна.
32 жилийн амьдарлаа эргэн харахад 6 нас хүртэл амьдрал маань л элбэг дэлбэг хангалуун сайхан байсан юм байна. Тэрнээс хойш өдөр бүр л өлсөхгүйн, даарахгүйн төлөөх байж дээ. Ядуу орны ядуу иргэний хүүхэд байх хэцүү. Дээрээс нь над шиг идэвхгүй, гал халуун өөдрөг хүсэл эрмэлзэлгүй, урсгалаар явдаг бол бүр хэцүү. Ямартай ч үлгэн салган олноосоо тасарч холдчихгүйхэн шиг зэрэгцэж алхах гэж хичээх юм даа. Түрүүлж алхалж манлайлна гэдэг бол бүр миний цусанд ч байхгүй юм шиг байна.
Гэр бүл зохиосон найзуудын минь нөхрүүд нь эхнэрээ хуурч, эрчүүд нь эхнэртэйгээ ойлголцох нь багасаад ирсэн энэ цаг үед намайг яагаад эрт гэр бүл зохиогүйг ойлгоцгоож байх шиг байна. Нэг нэгнээ сайн таниагүй байж амьдарлаа холбох нь эцэстээ сэтгэлийн л зовлон болох юм даа. Ажлаа тараад гэр лүүгээ баяр хөөртэй очдог үе нь өнгөрч бүгд гэртээ орохоосоо өмнө гэрийнхээ гадаа хэдэн минут байж өөрийгөө тайвшруулж ордог болсон гэнэ. Хүүхдүүдээ л бодож амьдарч байна гэсэн хүмүүс. Эцэстээ хүүхдээ барьцаа болгон та нараас л болж би ингэж зовж амьдарч байна. Та нар байгаагүй бол ааваас чинь, ээжээс чинь салаад сайхан амьдрах байсан юм гэж сэтгэлдээ үргэлж боддог бодлоо нэг л өдөр хэлнэ. Би бол насаараа л ээжээсээ энэ үгийг сонссон. Ингэж зовж амьдарсан намайг бодоод сайхан амьдраад өгөөч гээд л тийм ч юм сур, тийм ч хувцас өмс, тийм ч юмтай бол гээд л.... Бусдад хүнд хэцүү амьдарлаар амьдарсан ч хүүхдүүдээ сайн сайхан өсгөж хүмүүжүүлж, хүүхдүүд нь сайхан амьдарч, ачийг нь хариулж байгаа гэж харагдах хүсэл.
Эцэстээ өөрөө сонголт шийдвэрээ гаргаж амьдарсан амьдрал нь бүтэлгүйтээд ирэхээр үр хүүхдээ барьцаа болгон өөрсдийгөө тайвшруулах арга зам нь болж хувирна.
Нэг найз эмэгтэй маань 5 хүүхэддээ мөртөө нөхрөөсөө салсан, бүр өөрөөсөө дүү хүнтэй дахиж суусан. Анх салахад эргэн тойрны бүх хүмүүс нь эсэргүүцэж өөрөө ч тэр хүүхдүүдээ бодоод салахгүй байя гэж хичээсэн ч гэсэн нөхөр нь үнэхээр амьдарлаа бодохгүй өөрийг нь халамжлахгүй, дээрээс хуурна гээд үнэхээр хэцүү байсан гэсэн. Үлдсэн насаараа ингэж амьдрах юм гэж үү гэж шийдээд л салсан гэсэн.
Зоригтой шийдвэр гаргасан. Тэгээд л удаагүй өөрийнх амьдралыг ойлгож хүлээж авч хайрлах хэмжээний сайн залуу гарч ирсэн. Өмнөх нөхрөөсөө авч байгаагүй халамжыг мэдрүүлсэн гэсэн. 5 хүүхэддээ болсон гээд залуу хүн байж их зүтгэлтэй хариуцлагатай байдаг гэсэн. Бас хадмууд нь ч гэсэн ад үзэлгүй халуун дулаан хүлээн авсан гэсэн. Найз маань хүүхдүүдээ өөрийнхөө амьдралын дарамт болгоогүй зүгээр л өөрийгөө ч, хүүхдүүдээ ч хайрлаж байсан.
Миний  аз жаргалтай гэр бүлийг бий болгох хэмжээний өөрийгөө бэлдэж байж л гэр бүл зохиомоор байна, миний сонголт буруудлаа гэхэд өөрийгөө ч хүүхдүүдээ ч аз жаргалтай байлгаж чадах сонголтыг хийж чадах зоригтой баймаар байна гэсэн бодлыг минь эхэндээ ойлгоогүй хүмүүс одоо л ойлгож эхэлж байх шиг байна.
32 жил чадлынхаа хэрээр л сайн амьдарсан шүү чи гэж өөртөө хэлмээр байна. Бас үргэлжүүлэн эрүүл, сайн хүн байж, зөв замаар сайхан амьдарна шүү гэж өөртөө хүсье.


Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157