Тэмдэглэл-217

Блогоо дээрээ бичих нь улам л холдоод байна шүү. Сэтгэл санаа тайван, юунд ч санаагаа чилээж зовохгүй байгаа болохоор л тэр байх даа.
Буйр нууран дээр ирээд 14 хоног болчлоо. Энэ зуныг энд ажиллаж, амарч өнгөрөөгөөд намар хот орно. Мэнэнгийн их тал дунд л нэг зуныг өнгөрөөх нь дээ. Хааш хаашаа цэлийсэн тал байх чинь эхэндээ бас эвгүй л байлаа. Одоо ч бас дасч байна даа. Нар хурдан мандаж, жаргана.
Буйр нуур сайхан нуур байна. Ёроол нь тэр чигтээ элс, хүчтэй давалгаатай, эргээрээ зөөлөн элстэй, бас хясаанууд ихтэй, дээгүүр нь усны шувууд байнга зэллэж ниснэ, яг л далай эрэг дээр байгаа мэт. Эргээсээ нилээн хол явж байж гүнзгийрдэг, гэхдээ хөл алдаж живнэ гэсэн ойлголт байхгүй. Жоохон гүнзгийрч явсанаа буцаад гүехэн болчихно. Элсэн ёроолтой болохоор тэр байх. Заримдаа яг л усан дээгүүр явж байгаа мэт их элс усаа түрэн гарч ирсэн байна. Энд утас, интернетийн сүлжээ муу болохоор, дээрээс нь утсаа элсэнд унагаагаад алга болгосон учир хүмүүстэй нээх холбоо барихгүй л байна. Чих амар сайхан л байна. Тайван, дуу чимээ багатай орчинд 3 сар болчихоод хот орохоор хотын дуу чимээ, түгжрэлд нэгхэсэг стресстэх байх даа.
Амрагчид болон ажилчидаас өөр хүний царай харахгүй , аймаг, сумын төвөөсөө хол болохоор.
Миний очиж байсан аймгийн төвүүдээс Чойбалсан арай л өөр хөгжил сайтай санагдсан. Гэхдээ хүмүүсээс сонсох нь ээ өнгөрсөн жилээс л гайгүй болж эхэлж байгаа гэсэн.
Монголын баруун хязгаарын нэг Улаангомбод очиж байсан бол одоо Зүүн хязгаарт нь ирчихсэн байна. Одоо өмнөд хэсэг нь үлдэж байх шив.
 Энэ их талд явж байсанаа нэг том нуур олж харах нь , зөвхөн тэр нуур дагуу л их элстэй өвөрмөц байгалийн тогтоцийг харах нь бас л гоё шүү. Бас зээрийн сүргийг замдаа маш их харна. Хүмүүсийн хөл хөдөлгөөн бага болохоор ч тэрүү хог гээч зүйл байхгүй цэвэрхэн. Манай ажилчид  өөрсдөө нуурын эрэг орчмоор амрагчидын үлдээсэн хогийг  байнга цэвэрлэдэг.
Элсээр шуурах нь л үнэхээр хэцүү. Маш хүчтэй шуурна. Тогтуун үедээ сайхан. Одоо бол халууных нь үе эхэлчихсэн хайлж урсах нь холгүй л байна. Байнга хөлсөө арчаастай. 7-р сар луу улам халуун болно гэж бодохоор л. Харин 8-р сар гаргаад л хүйтэрчихдэг гэсэн. Нуурын орчмын цаг агаарын онцлог л байх даа. Буйр нуур халуунаа элс ёроолтой болохоор удаан барина. Гүехэн хэсэг нь халуун ус шиг л халуун болчихсон байна. Энд ирээд арьс маань их борлосон. Нарны тос түрхээд ч нэмэр байхгүй. Амгаланбаатар гээд Хятадын боомт хотдоо ойрхон. Цаашаагаа Хайлаар, Манжуур ордог гэсэн. Бас их хөөрхөн боомт хот байна лээ. Жижигхэн ч гэсэн давгүй. Эндээ би ахмад ажилтныхаа тоонд орно. 3 дах ахмад настай ажилтан нь. Дандаа 1996-2000 оны хүүхдүүд зуны амралтаараа энд ажиллаж байна. Ажилтнуудынхаа ярьж хэлэхийг сонсохоор тэдний насан дээр байсан надаас их өөр санагдах юм. Миний 20 настай байх үед ч  30 гарсан ах эгч нартай бид өөрсдийнх нь үеэс өөр санагддаг байсан байх л даа.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157