Тэмдэглэл-215

Блог дээрээ бичээгүй сар гаран болж. Энэ хугацаанд их зүйл л боллоо. Ямартай ч ажлаа хүлээлгэн өглөө. 6 жил өдөр, шөнө, амралт гэлгүй ажиллачихаад хувийн амьдрал, боловсрол, эрүүл мэнддээ анхаарах ч завгүй явж хамаг юмыг нь хийж бүх зүйлийг нь нугалж өдий хүрсэн байхад эцсийн эцэст үдэлтийн хоол ч үгүй гарлаа даа. Бодохоор гомдмоор ч юм шиг. Өөртөө л гомдох юм даа. Эцсийн эцэст миний л шийдвэр байсан шүү дээ ийм хамт олон, удирдлагатай ажиллах.
Яахав ажил хөдөлмөр эрхэлснийх өмнөх байшингийн зээлээ төлж, дахиад жижигхэн 2 өрөө байр авлаа. 10 жилийн хугацаатай банкны зээлээр. Дахиад л өвдөх ч эрхгүй амьдрах нь дээ. Бас л хотын зах руу авлаа. Хотын төвийн байрны үнийг одоогоор төлж дийлэх боломжгүй болохоор яалтай билээ. 4.01нд байрандаа нүүж ороод 2 дүүтэйгээ хамт сайхан л байна. Ажилгүй өдрийн цагаар гэртээ байх бас л тиймхэн санагдаж байна. Одоо гэртэйгээ ойролцоо газар ажилд орохыг хичээнээ. Хол бол бүтэхгүй. Хотын түгжрэлд хамаг цаг өнгөрчихнө.
Одоо гэрээ аятайхан тохижуулах л үлдэж байна даа. Ажил хийж цалингаараа л бага багаар юм авахгүй бол хуримтлуулсан хөрөнгө мөнгөгүй хүн чинь яалтай билээ. Аав ээж хоёрынхоо тэтгэвэрийн зээлийг аваад байрныхаа урьдчилгаанд өгчихсөн би ажилгүй болсноо хэлж чадахгүй л байна. Ээжийнхээ яаж уурлахыг бол мэдэж л байна. Тэглээ гээд цаашдаа ажилтнаа боддоггүй урамшуулж чаддаггүй газарт хайран цаг хугацаагаа стресстэж өнгөрүүлмээргүй байна. Харин миний оронд орсон найзад маань л зол завшаантай хэрэг болсон байх. Бүх юм нь цэгцэрсэн, ажлын ачаалал өмнөх ажлаас нь бага, давгүй цалинтай ажилд сургуулиа төгсөөгүй байж орж ажиллана гэдэг бол том боломж. Зааж сургасан надад ч тэгээд талархсангүй дээ. За яахав яахав. Монголын бүүдгэр амьдралд нэг ч гэсэн хүн сэтгэл хангалуун амьдарч байвал болоо болоо.
Хүнд чин сэтгэлээсээ хандаад эргүүлээд тэр бүр чин сэтгэл олж авч чадахгүй гэдгийг мэдэж байгаа ч би л өөрөө бусдад сэтгэлээсээ хандаж байвал болох нь тэр гэж боддог маань бүр зуршил болчихож дээ.
Миний эргэн тойрон миний жижигхэн амжилт, миний жижигхэн аз жаргалд дургүй нь хүрч атаархсан, миний зовлон гуниг, миний бүтэлгүйтэл тайвшрал, сэтгэл ханамж нь болчихсон хүмүүсээр дүүрэн ч гэлээ би л тийм болохгүй юмсан гэж хичээх юмдаа. Ер нь яагаад миний эргэн тойронд тийм хүмүүсээр дүүрэн байдаг юм бэ. Бусдыг харахаар сайн найз нөхөд, хамт олонтой байх юм. Миний юу нь буруу болоод эргэн тойронд сайн хүн байдаггүй байнаа.
Гэр бүлээс минь өөр түшиж тулах зүйл надад алга даа. Дандаа би л хичээхгүй бол, би л өөрөө өөрийнхөө төлөө байхгүй бол гэж амьдарч ирсэн ч заримдаа бусдаас тусламж, дэмжлэг хүсэх л юм. Тийм үед хэн ч харин байхгүй байдаг нь л хэцүү болгох юм даа. Урьд нь сайн найзууд байсан хүмүүс амьдралын элдэв зовлон бэрхшээл, хүмүүсийн муу талуудтай нүүр тулаад өөрсдөө ч тийм болохгүй бол болохгүй юм байна гэж ойлгосон уу эсвэл бага багаар уусаад яг адилхан болсон уу мэдэхгүй миний өмнө нь мэддэг байсан хүмүүс биш болцгоосон. Харин тэд намайг дүгнэхдээ гэнэн, амьдрал үзээгүй гэж хэлдэг. Би зүгээр л зовж байсан ч зовж байгаа хэцүү сэтгэлээ бусдад гаргаж тайвшрахыг хүсэхгүй байгаа нь л ийм сэтгэгдэл төрүүлсэн байх.
4 сар гарсаар фитнесстээ явж чадсангүй. Төлбөрийг нь төлөх мөнгө алга. Уул нь 86 болтлоо сайхан жин хаясан юмсан. Ямар ч байсан 80 кг болтлоо явах бодол байсан нэгхэсэг тасалдах бололтой. Маргаашнаас ажилгүйдлийн тэтгэмжээ хөөцөлдөе дөө. Ажилд ортлоо нэг сар ч болтугай авахгүй бол санхүүгийн хувьд хэцүү л байдалтай байна даа.
Хайр дурлалын талаар ярих ч зүйл алга даа. Хайрлаж дурлалцах гэдэг аль эрт надаас холдсон юм шиг санагдаж байна. Ийм маягаар цаашдаа байвал ирээдүйд хэн нэгэнтэй амьдралаа холбохоор бол хайр гэдэг талаас биш санхүүгийн найдвартай байдал, нас болсон, ганцаараа өтлөхгүй, итгэлцэл, тогтвортой байдал гэх мэт талаас л харах бололтой.






















Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157