Тэмдэглэл-213

2019 он, гахай жил, 32/33/ нас. Он гараад альхэдийн 2-р сар дундаа орчихож. Сэтгэл санаа минь, амьдрал минь нэг хэвийн тайван байлаа. Ирээдүйн тухай, өөрийнхөө тухай, бусдын тухай дэмий юм бодохгүй байхаар амар амгалан байх юм даа.

12-р сарын дундаас спиннингээр хичээллэж эхэлсэн. Спиннинг их давгүй юм. Дасгалаа дууссаных дараах бие сэргэсэн мэдрэмж нь их гоё.  Даанч орой 20 цагаас хичээллээд 21 цагт дуусдаг болохоор бие сэргэчихээр нойр хүрэхгүй юм. Шөнийн 1-2 цаг болтол сэрүүн байж байгаад өглөө босох гэж бөөн юм болох юм даа. Өглөө 7.40-д босоод л 8.30-д гэрээсээ гараад 9.30-д ажил дээрээ ирэх юм даа. Арайхийж хассан жингээ цагаан сараар буцаагаад нэмчихлээ. Дасгал бүрийн дараа багш маань биеэ тэврээд хэвт гээд хэвтүүлдэг юм. Өөрийгөө тэврээгүй ямар их удсанаа мэдсэн. Өөрийгөө тэврэх бас сайхан санагдсан. Ер нь өөрийгөө тэвэрч баймаар юм байна лээ. Өөрийгөө хайрлаж надад энэ биеэс өөр юу ч байхгүй гэдгээ ойлгож эрхэмлэж нандигнаж явах ёстойгоо ухаарсан.
3.31-нээр ажлаасаа гарахаар боллоо. 6 жил гэдэг багагүй хугацаа. Нэг газраа тогтмол олон жил ажиллана гэдэг миний хувьд бүтэхгүй юм шиг байна. Зарим хүмүүс шиг насаараа эсвэл 10, 20 жил ажиллах гэдэг худлаа бололтой. Эсвэл өөрийн байх ёстой хувь нэмрээ оруулах хамтдаа хөгжих дэвших зөв газраа олоогүй л байгаа гэсэн үг байх. Өөрийнхөө оронд хамт амьдарч байгаа найзыгаа оруулахаар болсон болохоор амар байна. Байнга л ажил дээр болж байгаа зүйлсийг мэдэж болно. Буцаад эргэх холбоотой л байна гэсэн үг.
Ажлын туршлага хангалттай цуглуусан гэж үзэж байгаа болохоор суралцахад цаг гаргамаар байна. Сурахгүй л бол болохгүй байгаа юм шиг, хоцрогдоод байгаа юм шиг санагддаг боллоо. Бас энэ хэвээрээ байж болохгүйг, өөрчлөгдөх хэрэгтэйг. 
Урьд нь төвлөрч чаддаггүй байлаа. Оюун бодол, сэтгэл санаа хаа хамаагүй тэнээд тогтож өгдөггүй байсан бол одоо бага зэрэг хурдан төвлөрч чаддаг болж. Нэг төвлөрчихвөл их зүйл хийдэг болохоор төвлөрч байгаа чадвараа сурахдаа ашиглая гэж бодож байна. Мэдээж одоо юмыг хурдан сурдаг нас биш болохоор тэр тал дээр өөртөө бухимдалгүй тасралтгүй тогтвортой жоохон ч гэсэн үр дүнтэй гэсэн арга барилаар л суралцах нь дээр байх.

Энэ цагаан сараар хэн ч надаас гэр бүлтэй хэзээ болох талаар асуусангүй. Хамаатнууд маань эвлэрсэн бололтой. Энэ бол тэгтлээ яараад байх зүйл биш гэдгийг их чухал сайн бодож тунгаах асуудал гэдгийг ойлгодог болж байх шиг байна даа. Би ямар эр хүн хүсдэгээ мэддэггүй гэж бодож байсан боловч харин ч сайн мэддэг юм шиг байна. Тийм болохоор л тохирохгүй гэж бодсон хүмүүсээсээ харилцаагаа хурдан тасалж цагийг хий дэмий үрдэггүй бололтой. Зөв хүн маань гарч ирэхэд би өөрөө чөлөөтэй байж баймаар байна. Ганцаараа өтөлнө гэдэг миний хувьд аймшигтай зүйл биш ч энэ тал дээр багаасаа л сэтгэлээ бэлдэж ирсэн болохоор хүнд тусахгүйг мэдэх ч эргээд амьдралаа харахад хайрласан хүн ч байхгүй, хайрлуулаагүй нэгэн байхвий гэж бодохоор л хэцүү санагдаж байна. Аав, ээждээ, дүү нартаа, найз нөхөддөө хайрлуулж байгаа ч эмэгтэй хүний хувиар, эх хүний хувиар хайрлуулаагүй байвал маш гунигтай санагдах юм шиг байна.
Найзууд маань  чи одоо өмнө нь салсан хүүхэдтэй л залуутай  танилцах магадал өндөр шүү. Бусдын хүүхдийн ээж болох амаргүй. Тиймээс урьд нь гэр бүл зохиож байгаагүй, ардаа урдаа татлаа түлхээгүй л бол суухад буруудахгүй гэдэг зөвлөгөө өгдөг. Заавал өөрөө төрүүлж байж эх хүн болох албагүй. Бусдын хүүхдийг  төрүүлээгүй ч төрүүлсэнээс нь илүү хайрлаад ээж гэж  дуудуулж болно. Өөрийгөө сайн хойд ээж болж чадна гэдэгтээ итгэдэг. Хүүхэд бол хүүхэд шүү дээ. Гол чин сэтгэлээсээ хайрлаж ойлгох л хэрэгтэй. Тиймээс миний хувьд бол өмнө нь салсан, хүүхэдтэй гэх асуудлаас илүү  хүүхэдтэйгээ ямар харьцаатай байдаг, хэр анхаарал тавьдаг, ямар эцэг вэ гэдэг нь л чухал байна байх.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157