Тэмдэглэл-210

3 шалгалт өгснөөс 2 хүндэд нь тэнцээд 1 хялбарт нь тэнцсэнгүй. Дан унших хичээл байсан болохоор олигтой ч уншаагүй хальт гүйлгээд харсан болохоор аргагүй байх. Нөгөө хоёрт нь болохоор бас ч гэж хичээл зүтгэл гаргасан болохоор тэнцчихэж. 11-р сард  дахин нэг шалгалт өгөх хэрэгтэй боллоо. Одоо 12-р сард өгөх  бүхэл бүтэн 6 хичээлийн шалгалтууд хүлээж байна даа.
Жаахан өөрийгөө дайчлаад, юмыг хойшлуулдаг, залхуурдаг зуршлаа засчихвал уул нь одоогийн нөхцөл байдлаасаа илүү дээр амьдрах боломжтой бүсгүй юм байгаа шдээ. Даанч тэрийгээ мэдээд байгаа хэрнээ өөрийгөө удирдаж, сахилга баттай болгож чадахгүй байгаа нь л асуудал юм даа. Гал халуун хүсэл эрмэлзэл, эрч хүч нь хаашаа алга болчихсон юм байгаан бүү мэд. Эрээд хайгаад л байх боловч өөрөөсөө олохгүй юм даа. Төрөлхийн л аядуу, тайван нэгэн л юм шиг байна.
Багадаа гэрийн ажил хийх  дургүй байсан тул ээжид зарагдахгүйн тулд нэг бол хичээлээ хийдэг, нэг бол ном уншдаг байлаа. Хичээлээ ч хийх дургүй байсан. Өглөө эрт анги дээрээ очиж хийх юмуу, өдөр завсарлагаанаар л хийдэг байлаа. Орой гэртээ хөнгөн даалгаваруудыг нь түүж хийгээд жоохон хүнд даалгаваруудыг тархиа ажлуулахаасаа залхуурсандаа орхиод ном уншаад суучихдаг байсан. Номонд дурлах шалтгаан нь миний залхуу зангаас болсноос гадна бас миний зугатах зам байсан юм. Харин хичээлээ олигтой хийдэггүй байсны үр дүн нь миний одоогийн нөхцөл байдал байх.
Төрсөн өдрөөр минь хамт амьдардаг найз маань Опра Уинфри "Миний сайн мэдэх зүйлс" номыг бэлэглэсэн билээ. Тэр номон дээрээ ч бас Опра ном унших дуртай болсон нь нэг төрлийн зугатах зам байсан гэж бичсэн байдаг.
Өөхтэй минь хамт намайг хайрлах эр хүн алга юм гэж үү. Гэхдээ бас хаа хамаагүй хүн биш. Миний сэтгэлийг татаж чадахуйц эр хүн. Гунхсан нэг нь намайг тоохгүй, гутлаа чирсэнийг нь би тоохгүй гэдэг шиг л байна. Гоё, сайхан харагдах юмсан тийм байх юмсан гэж  хүслийг төрүүлээд хичээгээд ч нэмэр алга. Яахаараа өөрийнхөө махлаг бие, тийм ч царайлаг бус болчихсон төрхөө өөрчлөх хүсэл төрдөггүй байнаа. Ийм байдлаараа байвал нөхөрт гарахгүй юм шиг байна. Бүр далд ухамсарт минь эр хүнд таалагдахын тулд өөрчлөгдөж чадахгүй. Өөрөөрөө л байна. Ийм байгаад минь дурлавал тэр, дурлахгүй бол тэр л биз. Надад хамаагүй. Ингэлээ гээд би сэтгэлээр унаж гутрахгүй гэсэн бодол бүр бат шингэчихсэн бололтой.
Энэ удаа их хүнд ханиад хүрлээ. Сүүлдээ бүр амтлах, үнэрлэх мэдрэмжээ түр алдлаа. Юу ч үнэртэхгүй, ямар ч амт мэдрэхгүй байх чин бас хачин юм байна. Нэг л эвгүй. Юм идээд байгаа хэрнээ амтыг нь мэдрэхгүй байх, орчныхоо үнэрийг мэдрэхгүй байх нь нэгтийм юу ч гэмээр юм бэдээ хоосон ч юм шиг мэдрэмж төрүүлдэг юм байна.
Надад санаа зовж намайг хайрлах хүмүүс бол миний гэр бүл. Бусад хүмүүс хэн ч байсан өөрсөддөө, өөрийн гэр бүлдээ санаа тавина. Магадгүй хоёр дүү минь гэр бүл зохиож үр хүүхэддээ болвол тэдэндээ санаа тавьж тэднийгээ хайрлана. Би ард үлдэнэ гэсэн үг. Ээж аав хоёр минь л байна байх. Тийм болохоор л хүмүүс гэр бүл зохиохыг хүсдэг байх. Ганцаардахгүйн  тулд, хайрлагдахын тулд, хэн нэгнээр халамжлуулж анхаарал хандуулахын тулд. Эхнэр, нөхөр, үр хүүхдүүдээрээ хайрлагдаж амьдрах гэж.
Одоо өвдсөн үедээ ингэтлээ ганцаардаж байгаа хүн энэ хэвээрээ хөгширвөл үнэхээр яах гэж амьдарсан хүн бэ, юуны тулд гэж өөрөөсөө асуух байх, өөрийгөө зэмлэх байх. Өнгөрсөн амьдралдаа маш их харамсах байх. Гэвч өөрийгөө хүчилж чадахгүй юм байна. Хайргүй хүндээ хайртай болно доо дасаж дурлана даа гэж амьдрахаар хүн биш болохоор, бусдад тоогдохын тулд тэдний анхааралд орохын тулд худлаа дүр эсгэж сэтгэлд нь нийцүүлж сайн хүн болох гэж хичээж амьдарч чадахгүй юм байна.
Миний доторх муу хүн хааяа сэдэрч гараад байх юм. Надтай эвгүй таагүй харьцсан хүнээс бүр найз ч байсан хариугаа авчаад байх юм. Бүр тэрэндээ  сэтгэл хангалуун байгаа нь өөрийг минь айлгах юм даа. Тусламж гуйх үед нь тусалж чадах байсан ч өмнө нь чи надад тэгж нэг хандсандаа гээд л  найз нь ямар ч туслах боломжгүй байнаа гэж худлаа хэлж татгалзаж байна, бусдад магтангаа аятайхан муулж байна, хэрэг болох мэдээллийг  мэдсэн ч мэдээгүй царайлж өгөхгүй байна, бүр бусдын хэрэглэсэн аяга тавганд цай хоол хийж өгсөн гээд л жижиг мөртөө хорлонтой аргаар хариугаа аваад байх юм. Энэ жижигхэн аргууд нь нэгмэдэхэд том зүйл болчихсон байхвий дээ л гэж санаа зовох юм.
Эргэн тойрны хүмүүс минь аз жаргалтай амьдрал нь болж бүтэж байвал би ч яахав дээ гэдэг байсан хүн одоо яагаад би ганцаараа тийм байх ёстой гэж боддог болчихож. Бусдын зовлон надад тайтгарал болж эхэлж байгаад айж байна шүү. Магадгүй миний жаргалтай байгаад атаархаж элдэв зүйл хийж явдаг хүмүүсээс болж өөрчлөгдөж байгаадаа тэдгээр хүмүүсийн нэг болж эхэлж байгаадаа санаа зовж байна. Гэхдээ буруугаа мэдэж байгаа юм чинь яаж ийж байгаад зөв зүйлээ хийх л байх гэж найдах юм даа.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157