Тэмдэглэл-209



Ажлаа хийгээд л , хажуугаар нь сурсаар. Сурах үнэхээр гоё байна. Урьд нь сурах туйлын дургүй байжээ. Хичээл хийнэ гэж бодохоос л яс хавталздаг байсан бол одоо харин тийм биш байна. Өмнө нь эзэмшсэн мэргэжил маань огтхон ч таалагддаггүй байсан. Намайг бухимдуулдаг байлаа. Дургүй хүрч байсан би одоо нэгэнт өөр аргагүйг ухамсарлан дасч эхэлсэн. Харин дасаад эхэлсэн чинь дуртай болж эхэлж байх шиг. Мэргэжлээрээ өсч дэвжие, суръя гэж өмнө нь боддоггүй байсан бол чадвал дараа намар магистр сурах юмсан гэсэн хүсэл төрж байна. Гэхдээ эхлээд нэг жижиг даваа, нэг том давааг л амжилттай давчихвал бага багаар бодсоноо хэрэгжүүлнээ. Аливаа зүйлд тохирсон цаг хугацаа гэж байдаг нь үнэн юм шиг байна. Мэдээж өмнө нь сурахгүй яавдаа гэж бодож байгаа ч тэр үед хүмүүс надад зөндөө л сураач гэж хэлдэг байсан ч огтхон ч тоодоггүй байсан. Харин нэгтийм сурахгүй л бол болохгүй нь гэсэн бодол өөрийн эрхгүй төрж, хоцрогдоод байгаа юм шиг санагдаж, нэг алхам урагшилах хэрэгтэйг ухаарсан цаг үе нь  энэ  байж.
Миний мэддэг байсан мэдлэг хуучирсан байна гэдгийг сая сургалтанд суугаад л мэдлээ. Үндсэн ухагдахуун, зарчим, гол зүйлс нь хэвээрээ боловч олон зүйл шинэчлэгдэж өөрчлөгдсөн байна. Дэлхий глобалчлагдаж, олон улс ижил  стандарттай байхыг зорьж  байгаатай холбоотойгоор сүүлийн үед бүр их шинэчлэгддэг болсон байна. Тэгэхээр 9-н жилийн өмнө эзэмшсэн миний мэдлэг, боловсролын дийлэнх нь хуучирч, үндсэн ухагдахуун нь л хэвээрээ үлдсэн байна. Хуучирсан мэдлэгтэй хүн хэр хол явах вэ дээ. Бусдадаа хаягдаад л дуусна шүү дээ. Тэргүүлдэггүй юмаа гэхэд хоцормооргүй байна шүү. Магистрт амжилттай сурч чадвал хойшдоо багшийн ажил хиймээр байна. Өөрийн  сурсан мэдлэг, туршлагаа бусдад зааж өгмөөр санагдаж байна. Багш болж чадах юм шиг итгэл нилээн төрөөд л байна. Мундаг багш болмоор байна. Бодоод байсан надад багшийн ажил тохирох юм шиг байна. Мэдээж урьд нь өөрийгөө хүнд зааж өгөхдөө маруухан гэж дүгнэдэг, багш гэдэг үг тэртээ хол санагддаг байсан.
Харин одоо байдал бага багаар өөрчлөгдөж байна.
Амьдрах ер нь сонирхолтой юмаа. Өөрийгөө яаж өөрчлөгдөхөө хэзээ ч тааварлаж чадахгүй.
Багш болох юмсан гэж өөрийгөө хүснэ гэж ердөө зүүдэлж ч байсангүй.
Нэг хэвийн орчноосоо гараад өрсөлдөөнт орчинд орсон чинь өөрийгөө чамлах, мундаг хүмүүст атаархах сэтгэл төрж байна. Өөрийгөө атаархах зангүй гэж бодож байсан ч харин бусдын ур чадварт атаархдаг юм байна. Ийм болох юмсан, хичээвэл чи чадна ш дээ, залхууралгүй тууштай бай л даа гэж өөртөө сүүлийн үед их хэлдэг боллоо.
Одоо юуны түрүүнд сорил 3 хичээлээр шалгалтаа ажилттай өгч тэнцээд үндсэн 6 хичээлээр өгөх шалгалтандаа сайн бэлднээ. 12-р сард үндсэн 6 хичээлийн шалгалтаа амжилттай өгч тэнцэж мэргэшсэн болвол дараа намар заавал СЭДС-ийн магистр сурнаа. Ажлынхаа хажуугаар сурч байгаад төгсөөд багш болохыг зорих төлөвлөгөө цээжинд байна.
Тэр үед 33, 34 настай байх юм чинь багшлахад юу нь болохгүй гэж.
Хайр дурлалын хувьд сүүлийн үед бүр нам гүм боллоо. Ёстой нөгөө бөмбөрцгийн классик ганц бие нь боллоо шүү. Бас л тэгээд цаг нь ирэхээр болох байлгүй дээ. Арай ч насаараа ганц бие байхгүй байлгүй. Ажил хичээл гэсээр хоногийн 24 цаг нь дорхноо өнгөрчих юм. 24 цагтаа их зүйл амжуулж бүтээгээд байгаа хүмүүсийг үнэхээр бахдаж байна шүү. Надтай адилхан  ажил, хичээл гэж байгаа мөртөө дээр нь хүүхдүүдээ, гэр бүлээ зохицуулж байгаа бүсгүйчүүдийг гайхах юм даа. Яаж болдог байнаа гэхээр өө тэгээд сурчих нь шүү дээ л гэх юм.
7 хоногийн дараа 31 насыг зооглох нь дээ. Төрсөн өдөртөө зориулаад үсээ шар өнгөтэй болгочлоо. Урьд нь бор, хар, улаан, ногоон гээд будаж байсан ч шар болгож байсангүй.  Сонин л юм байна.

Comments

Popular posts from this blog

Энэ бол дурлал биш

Баяртай хайрт минь

Тэмдэглэл-157